Монгол Улсын хүн амын амьжиргааны үндсэн эх үүсвэр нь мал аж ахуй бөгөөд мал маллах аргачлал нь уламжлалт буюу жилийн дөрвөн улиралд бэлчээр сэлгэн нүүдэллэж малаа малладаг. 

Манай улс  өдгөө нийт 70 орчим сая малтай. Малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээр, байгаль орчны асуудал хөндөгдөж малынхаа тоог цөөлж, чанар, үүлдэр угсааг сайжруулах, бэлчээрээ хамгаалах тал дээр анхаарах зайлшгүй шаардлага тулгарч байна. 

Энэ удаад шинээр боловсруулагдан УИХ-аар батлагдсан “Малын тоо толгойн албан татвар”-ын тухай хуулийн дагуу төвлөрсөн татвар нь эргээд малчид болон иргэдийн саналаар зарцуулагдах боломжтой болсноороо онцлогтой. 

Өөрөөр хэлбэл малчин болон мал бүхий этгээд төлсөн татвараа юунд, хэрхэн зарцуулахыг ОНХС-ийн үйл ажиллагааны журмын дагуу саналаа гаргаж шийдэх боломжтой юм. 

Дэмидийн Насанжаргал нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын ЗДТГ-т татварын улсын байцаагчаар ажилладаг. Тэрээр сургуулиа төгсөж ирээд сумандаа ажлын гараагаа эхэлж, өдгөө татварын байцаагчаар ажилладаг. Шинэ тутам бий болсон татварын хуулийн хэрэгжилт, малчдад хуулийг сурталчлах, татвар төвлөрүүлэх ажлыг ЗДТГ-ын ажилтнууд болон багийн Засаг дарга нартай хамтран хэрэгжүүлж байна. Ингэхдээ “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс зохион байгуулсан сургалтад хамрагдаж тус хуулийн талаар болон ОНХС-ийн хэрэгжилтийн үе шатны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, олсон мэдлэг мэдээллээ иргэд, малчдад хэрхэн түгээх талаар мэдэж авчээ.


Малын тоо толгойн албан татвар нь малын толгой тус бүрд 0-2000 төгрөгийн хооронд тухайн орон нутгийн бэлчээр, мал аж ахуйн онцлогтоо тохируулан ИТХ нь төрөл тус бүрээр тогтоохоор хуульчлагдсан татвар юм. Баянгол сумын хувьд адуу, ямаа 1000, хонь, үхэр 800, тэмээ 500 төгрөгийн татвартай байхаар тогтоожээ. 

Учир нь адуу болон ямаан сүрэг нь бэлчээрт илүү хор хохирол учруулдаг тул хамгийн өндөр, тэмээн сүрэг хамгийн цөөн толгой учраас өсгөх бодлого барьж ийнхүү хамгийн багаар тогтоожээ. Харин хонин сүргийн хувьд энэ сум Баянгол омгийн хоньтой бөгөөд энэ үүлдрийн хонио өсгөх, чанаржуулах бодлогыг барьж байгаа гэнэ. 

Тус үүлдрийн хонинд ноосны урамшуулал нь ч арай илүү бодогддог байна. 

Сумын ИТХ-аас тогтоосон татварын хэмжээ нь ойр тойрны бусад сумдаа бодвол яльгүй өндөр байгаа нь тус сумын малын тоо толгой бэлчээрийн даацаасаа хэд дахин хэтэрсэн буюу 221,000 толгой байгаатай холбоотой аж. 

Насанжаргал ОНХС-ийн үйл ажиллагаа болон малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг багийн Засаг дарга болон сумынхаа ЗДТГ-тайгаа хамтран иргэддээ сурталчлан таниулах ажлыг хэд хэдэн удаа хийсэн байна. Мөн түүнчлэн өдөр тутамд төрийн үйлчилгээ авах гэж ирдэг малчид, иргэдийг аль болох мэдээллээр хангаж, тайлбарлан таниулж өгдөг нь иргэдэд зөв ойлголтыг өгөх, таниулах үндэс суурь болж чаджээ.

“Малчдын хувьд шинээр авч буй татварыг эсэргүүцэх нь ховор. Учир нь ОНХС-ийн эх үүсвэр болон тэдний төлсөн татвар нь эргээд аж амьдрал, амьдарч буй орчныг нь сайжруулж, байгаль орчныг нь хамгаалахад зарцуулагддаг гэдгийг бүгд ойлгодог болсон” хэмээн Насанжаргал хэлж байлаа. Өөрөөр хэлбэл ОНХС-ийн үйл ажиллагааны журмын дагуу тухайн жилд төвлөрсөн татварыг дараа онд хэрхэн зарцуулах талаар оны эхний хагас жилд буюу 1-6 дугаар сард багийн Засаг дарга иргэдээсээ саналыг нь авч, мөн тухайн сард багтаж хуралддаг ОНХС-ийн санал эрэмбэлэх Иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцэн иргэдээрээ батлуулдаг. 

Өнгөрөгч оны хувьд Баянгол сумын иргэд ногоон тэжээл барих талбайг хашаажуулах, өвөлжилт хүндэрсэн тохиолдолд хэрэглэх өвсний нөөцийг сайтар бүрдүүлэх, хэдийн бий болсон ч ажиллахгүй байгаа хуучин худгуудыг засварлаж ажиллагаанд оруулах зэрэг ажлуудыг малын тоо толгойн албан татвараасаа санхүүжүүлэх саналыг гаргажээ. Хууль хэрэгжиж эхэлсэн 2021 онд Ковид-19 цар тахлын улмаас Малын тоо толгойн албан татварыг 50 хувиар хөнгөлөх буюу эхний хагас жилийн татвараас малчдыг чөлөөлөх шийдвэрийг тус сумын ИТХ-аас гаргаснаар сүүлийн хагас жилд 130 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж, үүний 110 сая буюу 84% нь төвлөрсөн байна. Энэ төсөв нь сумын ОНХС-нд төвлөрч Баянгол сумын малчдын 2021 онд санал гаргасан дээрх ажлын саналуудад 2022 онд зарцуулагдаж эхлэх юм. 

“Татвар хураалт болон иргэдтэй ойлголцох, хуулийг сурталчлах тал дээр багийн Засаг дарга нартайгаа нягт хамтран ажилладаг учраас асуудал гардаггүй. Харин ганц хүндрэлтэй зүйл нь татварын тайлангаа цахимаар өгдөг учраас хөдөө техник, тоног төхөөрөмж, интернэтгүй, бас малчид маань энэ талын мэдлэг чадвар дутмаг байгаа нь том асуудал болж байна” гэж Насанжаргал тулгамдсан бэрхшээлээ хэлж байлаа. Энэ асуудлыг тэрээр шийдэхдээ мөн л багийн Засаг дарга нараасаа тусламж авч, тайланг нь шивж өгөх тал дээр малчдадаа дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. 3900 хүн амтай Баянголын сумын нийт өрхийн 80 гаруй хувь нь малчин болон мал бүхий өрх байдаг. 

“Эдгээр хүмүүсийн тайланг нэг бүрчлэн кодыг нь хийж, нэвтэрч орж хамт хийнэ гэдэг л амар ажил биш байна” хэмээж байв. 

Одоогоор 2021 оны татвар төвлөрүүлэлтэд 20 сая төгрөгийн авлага үлдсэн бөгөөд энэ нь ихэвчлэн тус сумын харьяат ч гэлээ аймгийн төв, нийслэл болон өөр аймагт ажиллаж, түр оршин суудаг мал бүхий этгээдүүд гэнэ. 

Цаашид тус сум бэлчээрээ хамгаалах тал дээр онцгойлон анхаарч айл бүр өөрсдийн өмчилсөн 0,07 га газарт ногоон тэжээл тариалахыг дэмжих, бэлчээрт хор хохиролтой малд илүү өндөр татвар тогтоох замаар тоог нь бууруулах, ашигтай үүлдрийн малаа өсгөх, үржүүлэх, гарч болзошгүй байгалийн гамшиг, эрсдэлээс сэргийлэх чиглэлийн бодлогыг баримталж ажиллах аж. 

“Малчид маань татвар төлж байна гэдэг нь өөрсдөөсөө мөнгө төлж байгаа болохоор Манай багаас цугласан мөнгийг яг юунд зарцуулах гэж байна? Манай багийн төвлөрсөн мөнгийг зөвхөн манай багт зарцуулж болохгүй юу? зэргээр багийн Засаг дарга болон татварын байцаагч нараас нэлээд асууж шаарддаг болсон. 

Үүнээс харахад иргэд ОНХС-ийн үйл ажиллагаанд зөвхөн санал өгч оролцохоос гадна хяналтыг бодитоор тавьж оролцох оролцоо нэмэгдэж байгаа хэлбэр гэж харж байна” хэмээн Насанжаргал инээмсэглэн хэлээд бидний ярилцлага өндөрлөсөн юм.