УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй өсөж байгаа төдийгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухаарах боломж олгохгүй байна гэж үзэн тус ялын төрлийг хасах, олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоор тооцож ял хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай байгаа тул найман бог, хоёр бод байхаар зарчмын зөрүүтэй саналыг Хууль зүйн байнгын хороо бэлтгэсэн болохыг Х.Нямбаатар гишүүн танилцуулав. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, А.Сүхбат, Л.Энх-Амгалан, Л.Элдэв-очир, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа нар асуулт асууж, тодруулга хийсэн. 

Хоёр бод, найман бог хулгайлсан тохиолдолд гэхээр энэ тоонд хүргэхгүй мал хулгайлвал гэмт хэрэгтнүүд ял завших эрсдэлтэй тул өнчин ишиг хулгайлсан ч эрүүгийн хариуцлага хүлээлгэж байхыг малчид хүсч буйг Ж.Мөнхбат гишүүн хэлж байв. 

Тэрбээр нэг бод, эсвэл долоон бог хулгайлсан хүн ямар хариуцлага хүлээх вэ хэмээн тодрууллаа. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хариулахдаа, бусдын малыг хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр 6 сараас 5 жил хүртэл хорих ял эдлүүлэхээр заасан. Давтан болон зохион байгуулалттай бүлэглэн үйлдвэл 5-12 жилийн хорих ял оногдуулах зохицуулалт төсөлд тусгагдсан байна. Харин хүндрүүлэх нөхцөлөөр мал хулгайлсан бол 2-8 жил хорих ял оногдуулах зохицуулалт төсөлд бий гэдгийг хэллээ. Мал хулгайлах гэмт хэрэгт бүрд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн өөрчлөлтийг хийж байгааг Г.Тэмүүлэн гишүүн хэлж байв. Тэрбээр мал хулгайлах гэмт хэрэгт ашигласан техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгон хурааж авах зохицуулалтыг төсөлд тусгасан нь хэвээрээ эсэхийг тодруулж хариулт авсан. Малын хулгайтай тэмцэхдээ ялын бодлого чангатгахаас гадна бусад арга хэмжээг авах тал дээр холбогдох талууд анхаарах нь зүйтэй гэдгийг гишүүн хэлсэн. Энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанаас үүдэн хувь иргэдийн амьдралд ноцтой хохирол гарч байсан тохиолдлууд бий гэдгийг хууль тогтоогчид сайтар тооцож, асуудлыг иж бүрнээр нь харж эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстойг Д.Лүндээжанцан гишүүн хэлж байв. Засгийн газрын зүгээс малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлага бий гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлж байв. 

Улмаар гишүүд асуулт асууж, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс хариулт тайлбар авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явууллаа. Дараа нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.