Монголын нэрт соён гэгээрүүлэгч зохиолч Л.Түдэв таалал төгссөн билээ. Монголын маань эрдэм ном төгс ухаант мэргэд сэхээтнүүдийн нэг түүний талаар Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам ийнхүү дурсаж байна.

Дурсамж

Манай үеийнхэн түүнийг “Агуу их Тү” гэцгээх. 1980 оны эхээр юм сан, МУИС-ийн залуу багш миний бие заадаг хичээлээрээ “Уран зохиолын онолын үүд” сурах бичгээ ид бичиж байсан цаг. Хөдөөнөөс аав ээжийгээ авчраад Чингэлтэйн эцэст буулгачихсан болохоор өдөр нь хашаа бариад, шөнө нь номоо бичнэ. Ц.Хасбаатар багш маань реализмын тухай судалгаагаа дээр нь нэмээд, бидний хамтран зохиогчтой ном гараас гарах дөхөж байв. Дээд боловсролын хорооны шаардлагаар Багшийн дээдийн уран зохиолын тэнхмийн эрхлэгч, төрийн шагналт судлагч, шүүмжлэгч Д.Цэнд абугайгаас нэг шүүмж авав. Тэгээд хэнээр редактор хийх билээ гэж бодож байтал Хасаа багш нэг өдөр утасдаад, би Түдэвтэй ярьчихлаа. Их дуртай зөвшөөрсөн гэдэг юм байна. Тү дарга тэр үед МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, их том хүн. Би ч баахан бэргэсхийж л байлаа. Тэгээд Жамъян бил үү, нарийн бичгээр нь дамжуулаад уулзах зөвшөөрөл аваад нөгөө номоо бариад, одоогийн “Залуучуудын ордны” 3-р давхарт байх өрөөнд нь очлоо. Өө тэгсэн чинь, жигтэйхэн найрсгаар угтаад, утга зохиолын тухай, судлал шүүмжлэлийн тухай баахан яриа өрнүүлэв. Намайг яг юу судалж байгааг асуухлаар нь би “Монгол домог зүй” гэдэг юм байдаг эсэхийг л оролдож байна даа гэсэн чинь жигтэйхэн олзуурхаж байна. Тэгээд бидний яриа сүүлдээ хүүхдийн уран зохиолын судлал руу хазайгаад мань хүн надаас “Доктор Жеймс Фрейзер, түүний “Федрус” сэтгүүл” гэсэн өгүүллийг орчуулах санал тавьдаг юм байна. Тэр нь АНУ-ын хүүхдийн уран зохиол судлалын гол сэтгүүл юм байх аа. Тэр цаг чинь хүйтэн дайны ид үе, АНУ бол чухам л бидний гол дайсан гэж үздэг цаг байсан болохоор би жаахан гайхасхийгээд нэгэнт их хүний гуйлт юм болохоор хүлээн авлаа. Тэгээд мань хүн бидний номыг уншиж, хянах хооронд би тэр өгүүллийг нь орчуулж дуусгаад, аваачиж өгөв. Тү дарга бидний номын талаар санаанд оромгүй нааштай үг хэлсэнд урамшаад, хэлсэн хэдэн зөвлөгөөг нь дор нь тусгав. Тэгээд тун удалгүй, “Залуучуудын үнэн” сонины 1980.02. 01-ний дугаарт тэр өгүүллийн орчуулга маань гарсан байж билээ. 

Хамгийн сонин нь үзэл суртлын хүйтэн дайны гал ид дүрэлзэж байсан цагаар, өнөө үзэн яддаг АНУ-ын сэхээтний үйл ажиллагааг сурталчилж байсан нь гайхалтай. Гэхдээ яахав тэр өгүүлэл бол ЗХУ-ын хүүхдийн уран зохиол судлаач Игорь Мотяшовын өгүүлэл учраас болж байсан биз дээ. 

Өөр нэг хөгжилтэй гэмээр дурсамж бол манай хүүхдийн уран зохиол судлаач Д.Өлзийбаярын докторын хамгаалалтад Түдэв гуай хамгаалах зөвлөлийн гишүүнээр сууж байлаа. Удирдагч нь академич Х.Сампилдэндэв. Тэгсэн мань Өлзийбаяр сандрахлаараа хэл нь бүдрээд сайн ойлгогдохгүй болчихдог юм байна. Зөвлөлийн гишүүд бүгд гайхалзаад бие бие рүүгээ хараад байсан чинь Сампил маань сэтгэл нь зовсон бололтой “манай шавь сая ингэж, ингэж хэллээ” гээд л “орчуулж” гардаг юм байна. Тэсвэр муутайгаараа би “энэ чинь ер нь их сонин хамгаалалт болж байна шүү, монголоос монгол руу орчуулгатай” гээд хэлээд тавьчихсан чинь гишүүд бүгд инээлдээд, Түдэв гуай маань хүртэл их л инээдээ барьж ядан байвч өөрийн эрхгүй, бүхий бие нь овгос овгос хийгээд байж билээ. Гэхдээ уг цаад сэдэв, судалгаа нь гайгүй юм болохоор ихэнх нь саналаа өгөөд “Өөжиг” Өлзий маань ч амжилттай хамгаалсан юм.