Өглөө 08.00 цагт эхэлсэн Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Дөнгөж сая Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Жастын Ш.Батхүүтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Мэдээллийнхээ үеэр тэрээр "Өнгөрсөн долоо хоногт би Жаст группын захирал Ш.Батхүү нартай холбоотой тодорхой хэмжээний эд хөрөнгийг битүүмжилсэн талаар мэдээлэл өгсөн. Үүнийг нууцаас гаргах нь зүйтэй гэсэн шаардлагыг хэвлэл мэдээлллийнхэн удаа дараа тавьсан. АТГ-аас битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтыг авахад нэр бүхий 185 объёокт /эд хөрөнгө/ буюу нийт 98 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө одоог хүртэл байна гэж үзэж байна. 

Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт" үйлдвэрийн Эрсдлийн сангаас "Стандарт" банкинд шилжүүлсэн 40 сая ам.долларын өр төлбөрөө буцаагаад төлөх хангалттай хөрөнгө Ш.Батхүүд байна. Гэвч нөгөө хүн маань ямар ч хөрөнгө байхгүй гэж мэдүүлээд байгаа.

Жастын Ш.Батхүү гэдэг хүн улсыг 160 орчим сая долларын өрөнд оруулсан. Үнэхээр гарын үсэг дууриалгаад зурчихсан юм уу, эсвэл тухайн үеийн Ерөнхий сайд байсан С.Баяр, Эрдэнэт үйлдвэрийн захирал н.Ганзориг нартай үгсэн хуйвалдсан уу гэдгийг хууль хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл тогтоохгүй байна. Одоо шүүхтэйгээ нийлээд хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгах зүйл рүү явж байна гэж Засгийн газар хардаж байгаа. Тиймээс Засгийн газар өнөөдөр битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтыг ил тод болгож байна. Өч төчнөөн машин, байр, бензин колонкууд байна. Нэр дээрх зарим хөрөнгөө түр гэрээгээр өөр хүн дээр шилжүүлчихсэн байгаа" хэмээн мэдэгдлээ. 

Ш.Батхүүтэй холбоотой өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллийг энд дарж уншина уу.

Өнөөдрийн мэдээллийг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.