Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Өнөөдрийн байдлаар гадаадын 45 оронд буй манай улсын 6154 иргэн нутаг буцах хүсэлтээ Элчин сайдын яаманд ирүүлсэн. Тэдгээрийн 731 нь бага насны хүүхэд, эрүүл мэндийн шалтгаантай 71, ахмад настан 226, жирэмсэн 26, богино хугацааны визтэй буюу визийн хугацаа дуусах эрсдэлтэй 135, байрны асуудалд орж буй 374, оюутан 585, санхүүгийн хүндрэлд орж буйгаа мэдэгдсэн 54, бусад буцах хүсэлтэй 3384 хүн байна. 

Өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 263 хүн тус улсдаа коронавирусийн шинжилгээнд хамрагдах боломжгүй байсан тул нэг нь ч шинжилгээ өгөөгүй.

Гэхдээ бид өнөөдрийг хүртэлх хугацаанд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас тавьсан шаардлагыг бүх зорчигчдод ижил тавьсан. Японы талтай шаардлагатай хэлэлцээ, уулзалтууд хийсэн. Гэхдээ Японы талаас 37.5 хэм хүртэл халуураагүй иргэнээс ямар нэгэн шинжилгээ авах боломжгүйгээ мэдэгдсэн. Иргэд өөрсдөө ч эмнэлгийн байгууллагуудад хандаад ийм хариу авсан" хэмээлээ.

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдрийн 16.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан. Яг одоо зорчигчидоо буулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.