УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын Байнгын хороодын зарим дарга нар өчигдөр холбогдох яам, газар, банкны салбарын төлөөллийг хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар коронавирусийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр дүгнэлт гаргах ажлын 4 хэсэг Эдийн засгийн, Төсвийн, Хууль зүйн, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр тасралтгүй ажиллаж, Засгийн газарт чиглэл өгөн ажиллаж байгаа талаар товч танилцуулав. 

Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын зүгээс коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг А, Б, В хувилбараар гаргаж, үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулаад байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг сүүлийн гурван 7 хоногийн турш Сангийн яам, ХХААХҮЯ, ХНХЯ, Монголбанк, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж тооцоо судалгаа хийн, дээрх төлөвлөгөөг боловсруулж, саналаа Засгийн газарт хүргүүлсний дагуу Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргаж байна. 

Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан Ажлын хэсэг нэг сарын хугацаанд МҮХАҮТ-тай хамтран хүнсний хангамжийг тогтворжуулах, ноолуур, алтны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зэрэг чиглэлээр тооцоо судалгаа хийж, дүгнэлт гарган, Засгийн газарт чиглэл өгсөн. 

Тухайлбал, “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 300 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл олгох схемийг гаргасан нь хэрэгжих шатандаа ороод байна.  

Энэ мэтчилэн УИХ шинжлэх ухааны тооцоолол, судалгаанд суурилж, нийгэм, эдийн засаг дахь хүлээлт, шаардлагыг зөв удирдах чиглэлийг баримтлан ажилласан" хэмээлээ.  

Мөн “Улстөржих, талцах цаг биш. Төр, хувийн хэвшил түншилж, хүчээ нэгтгэх, нийтийн дайсан болсон коронавирусийн эсрэг хамтран тэмцэж, хямралыг давах шаардлагатай байна” хэмээн онцлоод, банкны салбарынхан нийгмийн хариуцлагаа ухамсарлан бодитой, бүтээлч санал, санаачилга гарган ажиллах цаг болсныг анхааруулав. 

Уулзалтаар хөндөгдөж буй асуудалтай холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон арилжааны банкны төлөөлөл хамтран ажиллах арга хэлбэр, тулгамдсан асуудал, зайлшгүй шаардлагатай арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлэв. Тухайлбал, зарим хуульд онцгой нөхцөлтэй уялдуулан түр хугацаанд үйлчлэх нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг дурдав.      

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Хуулиар ердийн хууль хэлэлцэн батлах хугацаа багадаа 45 хоног байдаг. Гэхдээ нэн яаралтай горимоор хуулийг хэлэлцүүлэх эрх Засгийн газарт бий. МҮХАҮТ, Монголбанк, Банкуудын холбоо үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан нэг удаагийн зохицуулалтын шинжтэй хууль тогтоомжийг Засгийн газарт танилцуулан, яаралтай горимоор хэлэлцүүлэх боломж байгаа” гэдгийг онцоллоо. 

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар банкны салбарынханд хэлэхдээ,

- Цаг үеийн шаардлагыг харгалзаж, хамтарч нэгдэн, ойлголцож ажиллах,

- Бэлэн бус төлбөр тооцоог идэвхжүүлэхэд анхаарсан бодлого гаргаж, Монголбанктай хамтран ажиллах

- Банкны салбарт дижитал шилжилт хийх 

- Монголбанкнаас зээлийн батлан даалтын санг идэвхжүүлэх замаар банкууд зээл олголт, экспортыг дэмжих 

- Банкууд ашгийн хувиа багасгаж, зардлаа танах арга хэмжээ авах, зорилтот бүлгийн зээлийн хугацааг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг хэрэгжүүлэх чиглэл өглөө. 

Мөн тэрбээр “Хүн төрөлхтөн ойрын үед тохиолдоогүй том сорилтын үед ирээд байна. Сорилт тулгарсан үед харилцагчдаа бодсон стандарт бус шийдвэр гаргах шаардлага гарцаагүй гарна. Эцсийн эцэст харилцагч нар чинь муудвал банкуудын байдал хүндэрнэ" гэв.

Уулзалтад Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга Х.Нямбаатар, Б.Чойжилсүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон Монголын банкуудын холбоо, арилжааны банкуудын удирдлага, албан тушаалтнууд оролцов.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс