Нэгдүгээр сарын эхээр Хубэй мужийн Ухань хотод шинэ төрлийн коронавирус илэрсэн билээ. Тухайн үед Уханий төв эмнэлэгт ажилладаг нүдний эмч Ли Вейнлиан эмнэлэгт халууран ирсэн хүмүүсийг ажиглаж, шинэ төрлийн вирус илэрсэн байж болзошгүй талаар нийгмийн сүлжээндээ нийтэлсэн аж. 

Тэрбээр энэхүү вирусын халдвар 2003 онд гарсан SARS-тай төстэй байгааг анзаарсан байна. Түүний ажигласан тохиолдлууд цөм Ухань хотын далайн хүнсний захад ажилладаг нь ч анхаарлыг нь татжээ. Ингээд Ли эмч мэргэжил нэгт нөхдөдөө халдварын дэгдэлтээс сэргийлэхийн тулд хамгаалалтын хувцас хэрэглэхийг групп чатад зөвлөсөн гэнэ.

Гэвч дөрвөн хоногийн дараа Олон нийтийг аюулаас хамгаалах албанаас түүнд албан бичиг иржээ. Бичигт түүнийг нийгмийн хэв журмыг алдагдуулах хуурамч мэдээлэл тараасан хэмээн буруутгасан байв. Хэрэв дахин мугуйдлан энэхүү үйлдлээ үргэлжлүүлвэл шүүхэд дуудах болно гээд дахин энэ төрлийн мэдээлэл тараахгүй тул гарын үсгийг нь зуруулсан аж.

Асуудал нэгдүгээр сарын сүүлээр хүндэрч шинэ төрлийн коронавирус болохыг батласны дараа орон нутгийн удирдлагууд түүнээс уучлалт гуйсан ч хоцорсон байлаа. Учир нь байдал хэдийнэ хяналтаас гарч хөл хорио тогтоож эхэлсэн юм. Эмч нараа хамгаалах заавар өгөөгүйн улмаас тэд халдвар авч эхэлжээ.

Ли эмч ч бас халдвар аван эмчлүүлж буй. Гэхдээ түүнийг нийгмийн сүлжээнд баатар хэмээн өргөмжилж байна. Тэрбээр энэхүү түүхээ, хэрхэн гарын үсэг зурсан тухайгаа бичээд хэрэв энэ чигээрээ байвал эмч нар ирээдүйд халдварын талаарх үнэн бодит мэдээллийг өгөхөөс айдаг болно хэмээн бичжээ.


Эх сурвалж: BBC