Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн хэмжээнд нөхцөл байдлыг улам дордуулж байна. Хонконгийн эрдэмтдийн саяхан хийсэн судалгаагаар коронавирусийн хувьсан өөрчлөгдөж, халдварлах чадвар нь 30 хувь нэмэгдсэн байна. Дэлхийн олон орны эрдэмтэн, судлаачид үүнийг хэлж, анхааруулж байгаа. Харин манай улсын зарим иргэн "дэлхий нийтээр коронавирус тархахаар хүмүүс сүргийн дархлаатай болно. Тэгэхээр Монгол Улсын иргэд ч сүргийн дархлаанд ороод гайгүй болчихно" гэж ярьж байна. Гэтэл дэлхийн эрдэмтэд коронавирусийн хувьд сүргийн дархлаа гэдэг ойлголт байхгүй болж байна гэдгийг сүүлийн үеийн 2-3 судалгаагаар баталсан. 

Иймд хүн бүр коронавирусээс сэргийлэх арга барилд суралцаж, мөрдөх шаардлагатай. 

Зуны улирлын үлдээд буй нэг сар гаруйн энэ хугацаанд агаар, усаар биеэ чийрэгжүүлж, хүүхдээ коронавирус болон улирлын томууг даваад гарч чадахаар өлчир болгож дарлаагаа сэргээх хэрэгтэй байна. 

Чацаргана, барагшуун уух зэрэг байгальд байгаа бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэн дархлаагаа сэргээж, өлчир болох нь иргэд бидний гол зорилго байна. Мэдээж төр засаг, эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлаа хангана. Гурван талаасаа бэлэн байдлаа хангахгүй бол зөвхөн төр засаг, эрүүл мэндийн байгууллага бэлэн байдлаа хангаад ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг ДЭМБ-ын Ерөнхий захирал онцолсон" гэдгийг онцгойлон зөвлөлөө.