БЭЭЖИН. /TASS/. Хиймэл оюун ухааны технологи хурдацтай хөгжихийн хэрээр Хятад улсад энэ салбарт мэргэшсэн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээг бий болгож байна. Энэ эрэлтийг хангахын тулд Хятадын эрх баригчид улсынхаа 35 их сургуулийн сургалтад “хиймэл оюун ухааны мэргэжилтэн” бэлтгэх хөтөлбөр оруулжээ.

БНХАУ-ын Боловсролын яамны мэдэгдэлд дурдсанаар, шинэ мэргэжилтэн бэлтгэх боловсролын байгууллагуудын тоонд Бээжингийн шинжлэх ухаан-техникийн их сургууль, Бээжингийн тээврийн их сургууль, Шанхай хот дахь Тунжи их сургууль, мөн Жэзян их сургууль орсон байна. Түүнчлэн хэд хэдэн их сургуульд роботын техник, мэдээллийн технологи зэрэг салбарын мэргэжилтнийг бэлтгэхдээ хиймэл оюун ухааны мэргэжлийг давхар эзэмшүүлнэ.

“Хиймэл оюун ухааны салбарын боловсролыг хөгжүүлэх ёстой. Энэ салбарыг ирээдүйд материаллаг ашиг олох хэрэгслийн хувиар харах хэрэгтэй” гэж Шанхай хотын 21 дүгээр зууны боловсролын эрдэм шинжилгээ, судалгааны төвийн орлогч захирагч Сюн Бинци ярилаа. 

Хятадын эрх баригчид мөн дунд сургуулийн түвшинд хиймэл оюун ухааны чиглэлээр боловсрол олгох туршилтын хөтөлбөрийг 2018 онд хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор, “East China Normal University Press” хэвлэлийн газраас "Гайхалтай амьтад", "Програмчлалын үндэс", "Ухаалаг амьдралыг нэвтрүүлэхүй", "Супер инженер" болон бусад сэдвээр 10 цуврал сурах бичиг гаргажээ.

Хятад улс сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхэд онцгой хүчин чармайлт тавьж байгаа юм. Тус улсын дарга Си Жиньпин мэдэгдэхдээ, “хиймэл оюун ухаан бол технологийн хувьсгал, өөрчлөлтийн шинэ хөдөлгөгч хүч юм” гэжээ. “Бид эдийн засгийн өсөлтөд түлхэц өгөхийн тулд хиймэл оюун ухааны шинэ үеийн технологийг хөгжүүлэхэд тавих хүчин чармайлтаа нэмэгдүүлэх шаардлагатай” гэж Хятадын дарга цохон тэмдэглэсэн байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг