Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Тус хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийв.

Тэрээр "Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, нийгмийн даатгалын шимтгэлийг дөрөвдүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний хооронд чөлөөлөх, дөрөвдүгээр сарын 01-нээс долдугаар сарын 01-ний хооронд хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хуулийг хэрэгжүүлэх журмыг баталлаа.

Үйл ажиллагаа нь доголдож, борлуулалтын орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэлийг 10 дугаар сарын 01-н хүртэлх зургаан сарын хугацаанд чөлөөлөх хуулийг УИХ-аар баталсан. Өнөөдөр баталсан журмаар тус хөнгөлөлтөд ямар байгууллагууд орох вэ гэдгийг зохицууллаа. Тодруулбал,

1. Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллага НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамаарна.

2. Аж ахуйн нэгж, байгууллага гэж хуульд заасан учир төрийн бус байгууллага мөн хамаарна.

3. Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх их, дээд сургууль хамаарна.

4. Дээр дурдсан гурван хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй даатгуулагч мөн дээрх хугацаанд НДШ-ээс чөлөөлөгдөнө.

5. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд буюу сайн дурын даатгалд хамрагдсан иргэд зургаан сарын хугацаан НДШ-ээс чөлөөлөгдөнө. 

Ажилтны болон ажил олгогчийн НДШ-ийг чөлөөлөх дүн 2020 оны 1, 2, 3 дугаар сард төлж байсан хэмжээнээс ихгүй байна. 

Өөрөөр хэлбэл, ажилтны дээрх гурван сарын цалингийн дунджаар тооцож, НДШ төлснөөр нийгмийн даатгалын дэвтэрт нь бичнэ. Ажил олгогчийн 1, 2, 3 дугаар сарын цалин хөлс, түүнтэй адилтгах оролгоос шимтгэл төлсөн хэмжээнийнээс ихгүйгээр тооцож, НДШ төлснөөр бичнэ. 

Улс болон аймгийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, борлуулалтын орлого нь 50-иас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн ажилтнуудад дөрөвдүгээр сарын 01-нээс долдугаар сарын 01-н хүртэлх хугацаанд 200.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор болсон.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг НДШ-ээс чөлөөлөхдөө  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420.000 төгрөгөөс тооцож, НДШ-ээс чөлөөлнө. Хувиараа хадалиар эрхлэгчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс НДШ төлөх боломжтой байдаг тус нэмж төлөх эрх нь тухайн иргэнд нээлттэй" хэмээлээ.

Урьдчилсан тооцооллоор тус хуулийн хэрэгжилтийг хангаснаар 45,3 мянган ажил олгогч, 704.6 мянган даатгуулагч буюу ажилтан албан хаагчид хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж, улсын төсвөөс 940.6 тэрбум төгрөгийг тэдний НДШ-ийн чөлөөлөлт, ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулахаар байна.