Саяхан л аав, ээжийнхээ зүрх сэтгэлийг ганцаараа эзэгнэж байсан хүүхэд гэнэт л айлын том болж, гэрийнхэн нь бүгд дөнгөж төрсөн нярайд анхаарал хандуулах цагт хүүхдийн бяцхан ертөнц орвонгоороо эргэх шиг болдог. Ээж нь цор ганцхан байхад, яагаад хоёр хүүхэд байгааг хүүхдэд ойлгоход бэрх санагддаг гэнэ. Хүүхдийн сэтгэлзүйд зөрчилдөөн үүсэн, ээжийнхээ анхаарал, хайр, халамжийг хүсэж тэмцэж эхэлдэг. Энэ нь янз бүрээр илэрнэ: дүүдээ дургүй болох, чихгүй толгой мэт царайлах, ээжийгээ харамлаж уцаарлах, атаархал нь төрөх эсвэл сурлага нь муудах гэх мэт. 

Энэ үед хамгийн чухал нь хүүхдээ загнаж зандрахгүй байх хэрэгтэй. Хүүхэд тань иймэрхүү үйлдэл гаргаж байвал түүнд хэцүү байгаа гэдгийг санаарай. Хүүхдүүддээ адилхан хайр халамжийг хүртээж, аль аль нь танд хэчнээн чухал, эрхэм болохыг байнга хэлж, хүүхдүүдийнхээ сайн тал, гаргасан амжилт бүрийг магтаж, сайшааж байх хэрэгтэй.


Дараах 6 зүйлийг хүүхдэдээ ойлгуулж, хэрэгжүүлбэл бяцхан дүүгээ хүлээж авахад нь илүү амар болно: 

1. “Ээж нь чамд хайртай хэвээрээ”

Дүү нь төрөөд удаагүй, өдрийн ихэнх цагт унтдаг тэр үед том хүүхдэдээ аль болох их анхаарал хандуулж, хайрлан энхрийлж, төрөх эмнэлэгт байххугацаандаа хэчнээн их санасан гэдгээ хэлэх хэрэгтэй. Дүүг нь төрснөөс хойш ээжийнх нь хайр хаашаа ч алга болоогүй, хайртай хэвээрээ гэдгийг мэдрүүлээрэй. Бяцхан дүүгийнх нь өмнөөс ах/эгчид нь бэлэг өгвөл нь тэд их баярлах байх. 


2. Амралтын өдрүүдээ хамт өнгөрүүлэх 

Хүүхдээсээ амралтын өдрөө юу хийж өнгөрөөмөөр байгааг асууж байх нь чухал. Гэр бүлийн гишүүн бүрийнхээ хүсэл сонирхлыг хүндлэн, амралтын өдрүүдээ урьдчилан төлөвлөж, хамтдаа, хөгжилтэй өнгөрөөж заншаарай. 


3. Дүүг нь асрахад туслахыг хүсэх

Ах/эгч нь дүүгээ тэврэхийг хүсэх үед “Чи чадахгүй, унагачихна” гэлгүй  хоёр хүүхдийг буйдан дээр эвтэйхэн, аюулгүй байхаар суулгаж болно шүү дээ. Мэдээж хүүхэд нярай дүүгээ санаандгүй байдлаар өвтгөчхөж магадгүй.  Ээж нь анхаарал болгоомжтой байх хэрэгтэй ч санаа зовж буйгаа гаднаа ил гаргахгүй байвал сайн. Эс бөгөөс хүүхэд цаашид бяцхан дүүдээ хүрэхээс ч эмээдэг болчихно. Дүүг нь унтуулахад бүүвэйн дуу хамт дуулах, угжаар хооллохдоо ах/эгчээр нь угжийг бариулах гэх мэт жижиг зүйлсээс эхлээрэй. 


4. Айлын том хүүхэд бол дүү нарынхаа хамгаалагч 

Хүүхдэдээ ах/эгч байх нь ямар чухал, хариуцлагатай үүрэг гэдгийг ойлгуул. Доороо дүүтэй байх нь мөн бишгүй олон сайн талтайг ойлгуулж чадвал хүүхэд өөрөө энэ үүрэг рольдоо дуртай болоод ирнэ. 


5. Мэдрэмжээ ойлгоход нь туслах 

Өөрийнхөө мэдрэмжийг ойлгодог хүүхдүүд шинэ зүйлд илүү хурдан дасан зохицож чаддаг. Иймд хүүхдээ багаас нь мэдрэмжээ ойлгодог болоход нь туслаарай. Жишээ нь: “Хоёулаа өнөөдөр парк дээр тоглож чадаагүй болохоор чамд гомдолтой санагдаж байгааг би мэдэж байна” эсвэл “Тоглоомоо булаалгасан учраас уур чинь хүрч байгаа, гэхдээ хоёулаа өөр тоглоомоор тоглож болно шүү дээ” гэх мэт. 


6. Хэт их хориг тавихгүй байх 

Хүүхэд төрөөд эхний хэдэн сар гэр бүлийн гишүүн бүрийн хувьд хүндхэн өнгөрдөг. Хүү/охин тань айлын том хүүхэд болсон ч хүүхэд хэвээрээ байгаа тул нярайг дуурайж хэлээ хазаж ярих, нялхрах, уйланхай болох, байнга тэврүүлэхийг хүсэх нь хэвийн. Шинэ хүнд дасан зохицож байгаа энэ үед хүүхдэдээ хэт их зүйлийг хориглох, уцаарлах, “Чи одоо том болсон” гэж харьцахаас зайлсхийгээрэй.