Илүүдэл жин бол зөвхөн өнгөн харагдах биеийн хэлбэр төдий зүйл биш ээ. Энэ нь эрүүл мэндийн хувьд ноцтой өвчнүүдийн шалтгаан болдог. Чихрийн шижин, үе мөчний өвчин, ходоод гэдэсний шархлаа, нойргүйдэл зэрэгт хүргэж болно. Хүүхдийг том болоод жин хасна гэж олон эцэг эхчүүд боддог. Гэвч судалгаагаар багадаа илүүдэл жинтэй байсан хүүхэд том болсон ч илүүдэл жинтэй байх нь элбэг байдаг гэжээ. Мөн таны хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч, сэтгэл гутралд өртөх өндөр эрсдэлтэй. Сургууль дээрээ дээрэлхүүлдэг хүүхдүүдийн ихэнх хувь нь илүүдэл жинтэй байдаг гэнэ.

Эцэг эхчүүд хүүхдээ илүүдэл жинтэй болоход хэрхэн нөлөөлдөг вэ?

#1. Хүүхэд бол эцэг эхчүүдийн толь

Эцэг эхчүүд юу идэж ууж, ямар амьдралын хэв маягтай байхыг хүүхэд дуурайж өсдөг. Энэ нь том болоход хүмүүжил, зуршил болон төлөвшдөг билээ. Эцэг эх нь илүүдэл жинтэй бол хүүхдүүд “илүүдэл жинтэй байхад муу зүйл байхгүй” гэж боддог байна. Тиймээс хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүлж эрүүл амьдралын хэв маягтай болох нь хамгийн чухал.

#2. Хоол хийх завгүй

Заримдаа хоол хийх завгүй, боломжгүй үедээ дэлгүүрээс бэлэн бүтээгдэхүүн авах, хоол захиалж идэх тохиолдол гардаг. Өөх тостой, түргэн хоол нь илүүдэл жингийн гол шалтгаан болдог.

#3. Хэтэрхий их зурагт үзүүлэх

Зурагт, видео тоглоом нь хүүхдийг биеийн хөдөлгөөн хийхийг хязгаарладаг. Гадаа бөмбөгөөр тоглож, гүйж харайхаас илүү суугаа байдалд олон цаг байх нь илүүдэл жинтэй болоход нөлөөлдөг.

#4. Эрүүл бус хооллолт

Нийгэмд эрүүл зөв хооллодог гэр бүл цөөхөн. Зарим эцэг эхчүүд ямар хүнс  эрүүл болохыг ч мэддэггүй. Өөрөө болон эцэг эхчүүд нь багаасаа идэж сурсан хоолыг ямар ч хоргүй гэж үздэг. Гэвч энэ зуршлаараа хүүхдээ хордуулж байгаагаа ухаардаггүй. 


#5. Хүүхдээ гэртээ байлгах

Хүүхдээ гадаа гаргахгүй, эсвэл гэртээ цоожилж явах нь хүүхдийг хөдөлгөөнөөс хол байлгахад нөлөөлдөг. Ийм хүүхдүүд илүүдэл жинтэй болох нь элбэг ажээ.


Хүүхдээ эрүүл байлгахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

#1. Үлгэр жишээ бай.

Нэг гэрт байгаа учраас эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ижилхэн эрүүл хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Хүүхэд тань таниар үлгэрлэх болно


#2. Хоолны хэмжээ

Хүүхдэдээ насанд хүрэгчдийн иддэг хэмжээгээр хоол өгөх хэрэггүй. Өлсөнө гэж санаа зовж их хоол өгөх бүр ч хэрэггүй. Хэрвээ таны хүүхэд өлсвөл тухайн үедээ бага зэрэг амны зугаа идэж болно шүү дээ. Заавал гэдсээ дүүртлээ идэх шаардлагагүй. 


#3. Түргэн хоолноос татгалзах

Түргэн хоол, ундаа, чихэр ихтэй бүтээгдэхүүнээс  нэн тэргүүнд татгалзах хэрэгтэй.


#4. Дасгал хөдөлгөөн

Өдөрт арваас хорьхон минутыг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулснаар илүүдэл жингээс ангижрах боломжтой.