Тогтвортой хөгжлийг дэмжигч Peak.mn сайт эцэг эхчүүдэд зориулан “Уурлах уу, учирлах уу?” буланг бэлтгэн хүргэдэг билээ.

Өнгөрсөн жилийн хугацаанд бидний бэлтгэсэн контентууд давхардсан тоогоор хоёр сая гаруй хүнд хүрчээ. Тиймээс бид "Уурлах уу, учирлах уу" булангаа өргөжүүлж, аав ээжүүдэд зориулсан цуврал уулзалт зохион байгуулж эхэллээ. 

Эвентийн зочноор хүүхдийн зохиолч, сэтгэл зүйч А.Найгалмааг урьж “Хүүхдийн хэл яриа, сэтгэл зүйн хөгжлийг номоор хэрхэн дэмжих вэ?” сэдвийн хүрээнд эцэг эхчүүдтэй ярилцсан юм. Түүний илтгэлээс таныг сайн аав, ээж байхад туслах гурван санааг онцлон хүргэе.

“Хүүхдийн хэл яриа, сэтгэл зүйн хөгжлийг номоор хэрхэн дэмжих вэ?" эвентийн үеийн зургаас...

Аав ээж та хүүхдийнхээ хэл ярианы анхны багш

Хүүхэд нэг настайгаа эхлэн "Аав, ээж, дүдү, гадаа, хов хов" гэх мэтчилэн анхны үгсээ хэлж, нэг үгээр ярьж эхэлдэг. Энэ нь хүүхэд өөрийгөө илэрхийлэх гэж оролдож буйн шинж юм. Харин ой таван сартайдаа байнга ашигладаг 25 орчим үгтэй болно. Энэ үеэс хүүхдийн идэвхтэй болон идэвхгүй үгийн сан бүрдэж эхэлдэг нь батлагдсан. 2 настайгаасаа яриандаа тогтмол хэрэглэдэг 50 гаруй үгтэй болж эхэлдэг. Энэ үе бол шинэ үг сурах чадвар гойд хөгждөг тул анхаарч хөгжүүлээрэй.

Иймээс аав ээж та хүүхдийнхээ дэргэд этгээд сонин хэллэг, зүй бус үгс ашиглахаас татгалзаарай. Учир нь хүүхэд үгийн утгын сайн мууг мэдэхгүй ч өөрт нь өвөрмөц санагдсан үгсийг маш хурдан тогтоодог байх нь. 

Хүүхдийг номонд дуртай болгоход эцэг эхийн нөлөөлөл хамгийн чухал. Та хажууд нь ном уншдаг бол, багад нь ном уншиж өгдөг байсан бол хүүхэд таныг л дуурайна.Номыг нүдэнд нь өртөхүйц, нуруунд нь таарахаар тавиурт байнга байрлуулах нь чухал. Ингэж нүдэнд нь харагдаж байвал хүүхэд санаачлагаараа номоо уншуулах гээд бариад ирдэг.

Багад нь хэр ном уншиж өгнө төдий хэмжээгээр номонд дуртай болно. Жишээ нь ээж нь "Үүнийг индүүдэх хооронд яг энэ хэсгийг уншаад өгөөч" гээд чанга дуугаар уншуулж болно. Бяцхан заль гэх юм уу даа. Энэ нь өөртөө биш ээждээ зориулан хийж өгч байгаа ажил шиг санагддаг.  Их үр дүнтэй, гэхдээ 10-15 минут л уншуулахад хангалттай.

“Хүүхдийн хэл яриа, сэтгэл зүйн хөгжлийг номоор хэрхэн дэмжих вэ?" эвентийн үеийн зургаас...

Ном унш гэж үглэх биш 6 сартайгаас нь эхлэн ном уншиж өгөөрэй

Герман, Австрали, Финланд, Япон зэрэг орнуудад хүүхдийн хараа тогтож эхлэх үе буюу дөнгөж 2-3 сартайгаас нь эхэлж даавуун номтой танилцуулдаг. Усанд оруулахад нь хүртэл уншиж өгдөг хулдаасан ном хүртэл бий.

Нэгэнт том болсон хүүхдээ ном уншдаг болгоё гэвэл хүүхэдтэй сонирхдог зүйлсийнх нь талаар ярилцаж, сонирхлынх нь дагуу ном авч өгвөл үр дүнтэй. Жишээ нь одон орон сонирхдог хүүхдэд энэ төрлийн дагнасан номуудыг авч өгөөрэй. Хүүхэд сонирхдог зүйлсээ илүү их сонирхож шимтэн уншдаг.

“Хүүхдийн хэл яриа, сэтгэл зүйн хөгжлийг номоор хэрхэн дэмжих вэ?" эвентийн үеийн зургаас...

Өдөртөө ердөө 8 минут л хангалттай

Хүүхдийг гэнэт л ном шимтэн уншдаг болгох шидэт арга гэж байхгүй ээ. Аав ээжүүдээс маш их тэвчээр, хичээл зүтгэл, бүтээлч байдал шаардах ажил юм шүү. Та орой бүр хүүхдээ унтахаас өмнө жижиг ном, үлгэр сонгож уншиж өгөөрэй. 

Нэг үлгэрийг бүтэн уншихад дунджаар 8 минут болдог байна. Тиймээс энэ 8 минутыг хэр үр дүнтэй ашиглах нь таны бүтээлч байдлаас шалтгаална. Юун түрүүнд унших үлгэрийг хүүхдээрээ сонгуулаарай. 

Үлгэрээ уншихдаа дүрд хувирч, хоолойны өнгөө өөрчилж, хүүхдээсээ асууж харилцан ярилцах зэргээр сонирхолтой байдлаар зохиомжилж 8 минут өнгөрүүлээрэй.

“Хүүхдийн хэл яриа, сэтгэл зүйн хөгжлийг номоор хэрхэн дэмжих вэ?" эвентийн үеийн зургаас...
Уншигч та "Уурлах уу, учирлах уу?" цуврал эвентийн талаарх мэдээллийг тогтмол авахыг хүсвэл ЭНД ДАРЖ манай фэйсбүүк группд нэгдээрэй.