Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.24) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол даргалав.

Хуралдааны эхэнд "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Сангийн яамны холбогдох албаны хүмүүс оролцсон. 

Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Н.Амарзаяа гишүүн танилцуулав. Ажлын хэсгийн зүгээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн. Уг тогтоолын төсөлд өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан, Ж.Мөнхбат, Ж.Батзандан нарын зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалаа. 

Гишүүдийн зүгээс өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд сар бүр бэлэн мөнгө олгох санал гаргасныг хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн гаргасан Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11.-д заасан нийгмийн хамгааллын босго шугамын оноог шинэчлэх, хүүхдийн мөнгө аваагүйгээс хуримтлагдсан хөрөнгийг хүүхэд хөгжлийн сан байгуулж төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн саналыг ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж дууссан тул УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яамны холбогдох албаны хүмүүс оролцов. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх  үндсэн чиглэлд гишүүд 300 тэрбум төгрөгийн төсөвт арга хэмжээ нэмж тусгасан байгааг онцлоод энэ асуудлыг 2019 оны төсөвтэй хэрхэн уялдуулах талаар тодруулж байв. Үндсэн чиглэл бол бодлогын арга хэмжээг тусгадаг. Төсвийн хүрээний мэдэгдэл бол орлого, зарлагын ерөнхий төлвийг гаргадаг. Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэлээ үзэж байгаад 2019 оны нэгдсэн төсвийн төслийг боловсруулахдаа төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалтын эх үүсвэр тус бүрээр нь нягталж үзнэ хэмээн Ажлын хэсгийн зүгээс хариулж байлаа. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон. 

Хуралдааны төгсгөлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг  байгуулж, Д.Оюунхорол гишүүн ахлахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.