Энтерпрайз боловсрол хүүхдийг бүрэн хөгжүүлдэг

Peak.mn
08 сарын 31, 2022

Эдүкэйтэд Энтерпрайз ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Энхзултай уулзаж ярилцлаа. Тус төв ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчдад зориулан #Growth4Teens өсвөр насныхны олон талт чадамжийг хөгжүүлэх цогц хөтөлбөрөө зарлажээ. Энэ нь өсвөр насныханд(12-16 нас) зориулсан цогц хөтөлбөр юм. 

Бичлэг үзэх:

Та хүүхдийнхээ боловсролд хэр анхаардаг вэ?

Бага насны хүүхдийн хөгжилд зарцуулсан ганцхан ам.доллар насанд хүрсэн хойноо орлого нь 12 дахин үржигдэж өгөөжөө өгдөг гэсэн судалгаа бий. 

Энэ хэрээрээ глобал түвшинд ажиллаж амьдрах боломж нь бүрдэнэ. Ийм ч учраас япон, солонгос эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд бүр багаас нь эхэлж анхаардаг. Хамаг орлогоо хүүхдийнхээ ирээдүйн төлөө зарцуулдаг кино зөндөө байдаг шүү дээ. Нэг үеэ бодвол манай эцэг эхчүүд ч бас хүүхдийнхээ ирээдүйд боловсролд нь анхаардаг болсон. Гэхдээ зарим эцэг эхчүүдийн хувьд хэрхэн, яаж чиглүүлэхээ төдийлөн мэдэхгүй байгаа нь анзаарагддаг. Эсвэл хичээлээр хэт дараад эсвэл бие даалгаж байна гээд хүүхдээ юу ч хийлгэхгүй зөнд нь орхидог тал бий.

ЕБС-д гэхэд л тогтсон хэдэн шалгуурт тэнцэхгүй л бол хүүхдийг муу сурлагатайгаар нь дууддаг байлаа. Орчин үед үүнийг буруу хандлага гэдгийг хэдийнэ ойлгоод мэдрээд эхэлсэн. Боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд энэ өөрчлөлтийг харахад сайхан санагддаг. Харамсалтай нь үүнийг бүгд төдийлөн ойлгоогүй л байна. Эцэг эхчүүд, сургалтын байгууллагууд, багш нар, бодлого тодорхойлогчид аль аль нь энэ тал дээр анхаарал хандуулах цаг нь болчихлоо.


загнахаасаа өмнө хүүхдээ ойлго, мэдрэмжээ танин мэдэхэд нь тусал

Ялангуяа өсвөр насныхныг зөв чиглүүлэх маш чухал. Энэ нас өөрөө маш эмзэг, өөрийнхөө оршин байгааг хүртэл бодож эргэцүүлж асуудаг, тодорхой хэмжээгээр шүүмжлэлтэй ханддаг онцлогтой үе. Энэ үед нь "Чи ингэх ёстой, тэгэх ёстой" гэж шахаж шаардаж онц сур гэж үглэдэг. Гэртээ ороход нь ээж аав нь "Яагаад цөөн дуутай болчихов", "Дүүгээ хар", "Үүнийгээ хий" гэх зэргээр зандарч, тушаадаг уламжлалт хэлбэрийн хүмүүжлийн арга хатуудах гээд байдаг талтай. 

Гэтэл тухайн насны хүүхдүүд өөрийгөө сонсгох, юу өөрийг нь догдлуулдаг, юу сэтгэлийг нь хөдөлгөдөг, юундаа сайн бэ, юу уурыг нь хүргэдэг вэ гэдгээ мэдэх хамгийн чухал. Тэр хэрээрээ хүүхэд мэдрэмжүүдээ танин мэдэж чаддаг. Магадгүй зарим талаараа өөрийн сул тал эсвэл давуу талаа танин мэдэж тэр бүхэндээ тодорхой хэмжээний чиглүүлэг зөвлөгөө хэрэгтэй байдаг.


ЗУНЫ УЛИРАЛ ЗУГААЛААД Л ӨНГӨРӨХ ЦАГ ХУГАЦАА БИШ

Зуны хугацаанд юу хийснээс хамаараад тухайн хүүхдийн хөгжлийн шат нь шат ахидаг эсвэл бүр буураад ороод ирдэг. Үүнийг багш нар сайн мэднэ. 

Эцэг эхчүүд, хүүхдүүд хоорондоо ойлголцоод энэ чухал үеийг үр дүнтэй өнгөрүүлэх нь чухал байна. Тэр дундаа ковидын дараа боловсролын хувьд ч нийгмийн харилцаанаас хоцрогдсон энэ үеийг ухаалгаар ашигламаар байна. Гэхдээ хүүхдээ шууд шүүмжлэх бус ямар нэгэн байдлаар хүчилсэн арга ашиглахгүйгээр байгалийн сайханд амраангаа хүүхдээ чадавхжуулах боломж бий. Жил тойронд танхимаар хичээллэсэн хүүхэд ахиад танхимд суух тийм ч дуртай байдаггүй.  

Харин оюуныг хөгжүүлж, аливаа сорилт бэрхшээлийг өөртөө итгэлтэйгээр даван туулж, ажил, амьдралын аль ч талбарт амжилтад хүрэх бат бөх суурийг бий болгох зорилготой 5 өдрийн цогц хөтөлбөрт хамрагдсан хүүхэд зусланд ядаж л ээлжээр өрөөгөө цэвэрлэхээс эхлээд үүрэг хүлээж сурна. 

Энэ бүхнийг шингээсэн, олон улсын зөвлөхөөс зөвлөмж авч, багш нараа адилхан хөтөлбөрөөр бэлтгэж боловсруулсан. 

Долоо хоногт ганцхан спортын, шатрын дугуйланд явах эсвэл долоо хоногийн турш олон үйл ажиллагаатай сургалтад хамрагдахын хооронд асар их ялгаа бий. Энэхүү хөтөлбөрт оролцоод олон төрөлд өөрийгөө сориод үр дүнгээ үзэх нь одоогийнх шиг цаг хугацаа давчуу нийгэмд давуу тал үүсгэнэ. Магадгүй зарим эцэг эхчүүд хүүхдээ гэртээ амраана гэж бодож байгаа болов уу. Гэвч үнэндээ хүүхэд гэртээ байгаа цагаа дэлгэц ширтэж л өнгөрүүлдэг. Тиймээс хүүхдийнхээ хүсэл сонирхолд нь нийцсэн сургалтад хамруулаасай гэж эцэг эхчүүдэд зөвлөнө.

Нүдээ олсон цөөн хэдэн хоногийн сургалт ч тухайн хүүхдэд амьдралд нь өөрчлөлт авчрахуйц нөлөөлж чаддаг. 



Холбоотой сэдвүүд

боловсрол өсвөр нас

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.