Хөрөнгийн биржээс дараах мэдэгдлийг гаргасан байна.

Уг мэдэгдэлд  СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэнгийн  ярилцлагатай холбогдуулан Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн жилд идэвхжиж, үнэт цаас гаргах компаниудын тоо олширч байгаатай холбогдуулан аливаа шийдвэрийг хуулийн хүрээнд удаашралгүй шийдвэрлэх шаардлага тулгарч байгааг , хамтарч ажиллах шаардлага байгааг дурьджээ.


МЭДЭГДЭЛ

“Өдрийн сонин”-ы 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэнгийн  ярилцлагатай холбогдуулан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иас дараах мэдэгдлийг гаргаж байна.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь хөрөнгийн зах зээлд тулгамдаж буй асуудлууд, үүнтэй холбогдуулан СЗХ-ноос авах арга хэмжээний талаарх санал хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/707 тоот албан бичгээр хүргүүлж, мэргэжлийн холбогдох байгууллагад хувийг илгээсэн бөгөөд бид энэхүү албан бичгийг олон нийтийн сүлжээнд нийтлэх, албан бичгийг ашиглан төрийн байгууллагын ажилд хөндлөнгөөс нөлөөлөх зэрэг аливаа үйлдэл хийгээгүй болно.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49.1.2-т заасан бүртгэлийн журмын дагуу аливаа үнэт цаас бүртгэлийн шалгуур шаардлага хангаж байгаа эсэхийг шалгадаг бөгөөд Хороо, хөрөнгийн биржийн шалгалтын ажиллагаанд чиг үүргийн давхардал үүсгэхгүй байхаар холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд зохицуулсан байдаг. Манай байгууллага нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хүрээнд үнэт цаасны шалгалтын ажиллагааг цаг хугацаандаа гүйцэтгэж, зөвхөн журамд тогтоосон шалгуур шаардлагыг бүрэн хангасан үнэт цаасыг бүртгэж байгаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Санхүүгийн зохицуулах хороо нь тус ярилцлаганд дурдагдсаны дагуу аливаа үнэт цаасыг олон нийтэд санал болгох зөвшөөрлийг олгон бүртгэх, эс бүртгэх бүрэн эрхтэй бөгөөд манай байгууллагын зүгээс уг шийдвэрт нөлөөлөх бус гагцхүү хууль тогтоомжинд заасан хугацаанд шийдвэрлэж, хөрөнгийн биржтэй чиг үүргийн давхардал үүсгэхгүй үр ашигтайгаар хамтран ажиллах хүсэлтэй байдаг билээ. Учир нь зохицуулагч байгууллагууд бид маш тодорхой зохицуулалт бий болгож, чиг үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх, улмаар цаг хугацаатай уралдаж буй бизнес эрхлэгчдээ дэмжиж хамтран ажиллах үүрэгтэй юм.

Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн жилд идэвхжиж, үнэт цаас гаргах компаниудын тоо олширч байгаатай холбогдуулан зах зээлийн оролцогч байгууллагууд нягт, үр ашигтайгаар хамтран ажиллаж, аливаа шийдвэрийг хуулийн хүрээнд удаашралгүй шийдвэрлэх шаардлага тулгарч байгааг манай байгууллага төдийгүй зах зээлийн мэргэжлийн оролцогч бусад байгууллагууд онцолж, зөвхөн үнэт цаас бүртгэх ажиллагаа төдийгүй төлбөр тооцооны Т+2 горим нэвтрүүлэх, үнэт цаас нь арилжигддаггүй компаниудын хөрвөх чадварыг сайжруулах зэрэг олон талаар хамтран ажиллах шаардлагатай байгааг үүгээр уламжилъя"гэжээ.