Дачер Келтнер ЭРХ МЭДЛИЙН ПАРАДОКС

Америкийн нэр хүндтэй социологич, сэтгэлзүйч эрдэмтэн Дачер Келтнер эрх мэдлийн тухай судалгаан дээр тулгуурласан, нийгмийн өргөн цар хүрээг хамарсан дүн шинжилгээ хийсэн нь тун сонирхолтой болжээ.
Эрх мэдэл гэхээр улс төрч, эрх баригчид, пүүс компанийн захирал, мөнгөтэй баян босс хамгийн түрүүнд санаанд ордог бол, энэ номоос эрх мэдэл бол хувь хүн бүрт хамаатай нийгмийн сүлжээнд тархсан харилцан нөлөөлөл юмаа гэсэн ойлголт төрж байна. Эрх мэдэл гэдэг хувь хүн өөрийгөө бусдаас бага ч атугай давуу байгаагаа мэдэрч байгаа тэр нөхцөл, түүнээс гарах үр дагаварууд юм. Ажил мэргэжил, сургууль соёл, хайр сэтгэл, бэлгийн харьцаа, ахуйн түвшин гээд бүхий л хүрээнд эрх мэдлийн нөлөөлөл, үр дагавар, харилцан үйлчлэл ажиглагдана.

Эрх мэдлээ тогтоох гэсэн хүсэл нь байгалийн зөн юм. Нэрт философич Нобелийн шагналтан Бертран Рассель "Эрх мэдэл бол энерги юм" гэж философилог уран гоё тодорхойлолт хэлсэн байна. Араатан амьтад хүртэл өөрсдийн эрх мэдлийг тогтоох гэж хил хязгаарын бүсээ тодорхойлж, орооны үеэрээ амь хайргүй улайран тэмцэлдэгийг бид бүхэн сайн мэднэ. Хүний генд байдаг байгалиас өгөгдсөн эрх мэдлийн төлөөх далд араншин нь ямар учиртай болохыг, эрх мэдлийн сайн муу тал, эрх мэдэлгүй байхын гачаал зовлонг суурь судалгаа, туршилтаар нэн тодорхой үзүүлсэн байна. 

Фэйсбүүкт олон дагагчтай хүн үнэ цэнтэй чухал пост оруулахад цааш давалгаалсаар эрх баригчдыг шийдвэрээ өөрчлөхөд хүргэдэг нь эрх мэдлийн далд нөлөөлөл юм.

Хөрөнгөтэй баян чинээлэг хүмүүс бусдыг дорд үзэж, хууль дүрэм байнга зөрчдөг, хууран мэхлэх, араар тавих, сексийн гаж харилцаанд дурладаг, шуналын сэдэл нь ядуу хүмүүсээс хэд дахин илүү байдаг зэрэг нь эрх мэдлийн парадокс юм. Эрх мэдлээ ухамсарлаж, бусдын сайн сайхны төлөө гэсэн сэтгэл зүрх үгүй бол хэчнээн өндөр эрх мэдэлтэй байлаа ч байр суурь, нэр хүнд нь төдий чинээ доогуур байдаг бичигдээгүй хууль бий. Үүнийг өнөөгийн Их хурлын гишүүдийн байгаа байдал төрх, тэдэнд хандаж байгаа ард түмний эсэргүүцлээс хялбархан ажиглаж болно. Өөрийгөө эрх мэдэлгүй сул дорой гэж үздэг эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд сонирхолгүй дур тавьдаггүй, эрчүүд бэлгийн сулралтай байх нь элбэг тохиолддог байна. Бие биеэндээ хүндэтгэлтэй ханддаг, харилцан тэнцүү байр суурьтай хосуудын хайр сэтгэл, ажил үйлс, бэлгийн харьцаа гээд ер нь бүх юм Оk байдаг гэнэ шүү!

Эрх мэдэлд хүрэх 5 алтан зарчим нь:

1.Эрх мэдлийн мэдрэмжээ ухаарах.
Бусдын сайн сайхны төлөө гэсэн сэдлийг өөртөө агуулсан хүн эд баялаг, албан тушаал, цол хэргэмд шунахгүй бусдад туслах нь өөртөө сэтгэл хангалуун байх аз жаргалын кайф юм.


2.Даруу төлөв байдлыг эрхэмлэх.
Эрх мэдэл бол бэлэг, ертөнцийг өөрчлөх боломж. Даруу төлөв байдлыг чин сэтгэлээсээ эрхэмлэвэл эрх мэдэл төдий чинээ бат бөх байдаг.


3.Бусдын тухай бодож, өгөөмөр зан гаргах.
Өгөөмөр зан гаргаж, бусдыг урамшуулж, зоригжуулж байх нь бусдад таатай мэдрэмж төрүүлж аз жаргал, амьдралын утга учрыг мэдрэх болно.


4.Хүндэтгэлээ илэрхийлж сурах.
Бусад хүмүүст хүндэтгэлээ ил тод илэрхийлэх нь тэднийг өндөрт дээдлэн өргөж, өөрөө өөртөө итгэлийг бий болгодог. Тэр хэмжээгээр таныг хүндэтгэн эрх мэдлийг чинь хүлээн зөвшөөрөх болно.


5.Эрх мэдэлгүй гэсэн сул дорой сэтгэлзүйгээ өөрчлөх.
Эрх мэдэлгүй гэсэн эмзэг сэтгэхүй, өөрийгөө бусдаас дорд үзсэн байдал нь эрүүл мэндийг доройтуулж, сөрөг сэтгэхүйтэй, мансуурах донтой, бусдаас өшөөгөө авах хүчирхийлэгч далд араншинтай болгодог байна. Тиймээс өөдрөг урам зоригтой байж, бусдад туслах сайхан сэтгэл агуулах нь эрх мэдлийн анхдагч нөлөөлөл юм.

Эрх мэдэл хувь хүний амьдралд гүн гүнзгий нөлөө үзүүлдэг болохыг энэ номоос та олж мэднэ. Хувиа хичээж, довоо шарлуулдаг аминчхан үзлээсээ салж бусадтай сайн сайхан харилцаатай байя гэж бодсон тэр мөчөөс таны эрх мэдлийн нөлөөлөл эхлэх юм. Энэ бол нүдэнд үл харагдах харилцан хамаарал, гинжин урвал шүү дээ. Агуйд даяанчлан суух ертөнцийн амьдралаас тасарсан гэгээнтэн л биш бол нийгмийн эд эс болохын хувьд танд эрх мэдлийн далд нөлөөлөл эерэг, сөрөг аль ч утгаараа үйлчилсээр байх болно. Тиймээс та энэ талаар зайлшгүй мэдэх шаардлагатай болж байгаа учир энэ номыг уншихаас өөр аргагүй.
Улс төрийн агуулгагүй, шууд хувь хүнд хандсан энэ бүтээлийн үнэ цэнийг тодорхойлон хэлэхэд ийм байна.