Хөвсгөл аймаг хамгийн олон буюу 7000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй. Гэвч тэдэнд зориулсан сэргээн засал, хөдөлгөөн, хөдөлмөр заслын, хөгжлийн төв байхгүй. Тиймээс ч нарийн мэргэжлийн үйлчилгээ авах, шаардлагатай багаж хэрэгслээ засуулах гээд ихэнх тохиолдолд УБ руу явах шаардлага тулгардаг. Тэгвэл энэ оноос эхлээд өөрчлөгдөх нь. 

Дээрх үйлчилгээнээс гадна боловсрол, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, сургалтад хамруулдаг, гэр бүл асран хамгаалагчдын сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг, протез, ортопед, туслах хэрэгслийн тохируулга, засвар үйлчилгээг хийдэг цогц үйлчилгээтэй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв Хөвсгөл аймагт энэ сард ашиглалтад орж байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг амьдрах аргад сургах, нийгэмшиж хамтдаа хөгжөхөд чиглэсэн цогц үйлчилгээг үзүүлдэг ОУ-ын жишигт нийцсэн ийм төв Архангай, Дархан-Уул, Хөвсгөл, Дундговь, Дорнод, Ховд гэсэн зургаан аймагт мөн нээж байгаа юм. Тус төслийг санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин тэргүүтэй багийг очиж танилцахад тус төв тоног төхөөрөмжөө суурилуулчихсан, боловсон хүчнээ сургах ажлаа эхэлж байсан юм. 

Хөвсгөл аймагт байгуулагдаж байгаа тус төвд арга зүйч, харилцааны мэргэжилтэн, хөдөлгөөн, хөдөлмөр засалч, техникч, гэр бүлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, нийгмийн оролцооны мэргэжилтэн гээд нийт 30 гаруй ажлын байр бий болж байна. 

1500 м кв талбайтай, гурван хэсгээр бүрдсэн, эрчим хүчний хэмнэлттэй энэ газар  барилгын хийцээрээ ч Монгол улсад цоо шинэ орчин үеийн төв болох нь. Гурван хэсгээс блокоос бүрдсэн тус барилгын дотор загвар, хийц бусад барилгуудаас эрс өөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай байх, суралцах, зорчих нөхцөлийг бүрэн хангасан ОУ-ын стандартын дагуу баригдсан гэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн барилгын хяналтын ахлах инженер Д.Энхбаатар танилцууллаа. 

Төвийн барилга нь байгалийн гэрэл ашигладаг, батарейгаар цэнэглэгддэг ослын гэрэлтүүлэгчтэй, хана хооронд ялгагдах өнгө будаг, гэрлийн тусгалтай, налуу замууд нь ослын гэрэлтүүлэгчтэй,  зарим танхим дуу чимээ шингээх өндөр нягтралтай акустик хавтантай, автомат, механикаар онгойж хаагддаг гүйдэг хаалгатай, бүх өрөө харшил үүсгэгчийг шүүх агааржуулалтын системтэй, давхар бүр хоёр түвшинтэй налуу замтай, хаалга бүр довжоо,босгогүй, бүрэн тактиль замтай, брайль үсгийн хөтөчтэй, буулгаж суулгах зориулалттай түр зогсоолуудтай, 6 орц гарцтай. Байгалийн гэрэл ашиглалтыг маш сайн шийдсэн учир сар бүр цахилгаанаас 300 000 төгрөг хэмнэнэ гэж байсан юм. 

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр бүсчилсэн байдлаар тус бүр нь 5 тэрбум төгрөгийн өртөгтэй ийм төвийг 6 аймагт ашиглалтад оруулснаар 23 000 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цогц үйлчилгээ үзүүлэх бололцоотой болох юм байна. Ойрын хугацаанд дахин хоёр аймагт ийм төв нэмж бариулах саналыг Засгийн газарт тавина гэж Азийн хөгжлийн банкны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төсөл хариуцсан удирдлагууд мэдэгдлээ. 

Тус банк хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөл анх удаа хэрэгжүүлж байгаа бөгөөд дээрх төвүүдийг барьж байгуулахаас гадна энэ салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, олон талын хүртээмжийг нэмэгдүүлэх, тогтолцоог сайжруулах чиглэлээр холбогдох яамтай хамтран ажиллаж байгаагаа мэдээллээ. Монгол улсад өнөөдөр 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий. Тэднийг төлөөлж Хөвсгөл аймагт үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-ын төлөөллүүд олон жил тавьж ирсэн санал хүсэлт нь биелж жишиг төвтэй болж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.