Монголын даатгалын салбарын хоёр ч IPO хөрөнгө оруулагчдын хүртээл болох гэж байна. Энд ч танилцуулга, тэнд ч захиалга өрнөж эхэллээ. Үнэт цаас тойрсон танилцуулгын зар нийгмийн сүлжээгээр түгж, энэ төрлийн мэдээлэл тасралтгүй хөвөрсөөр. Санхүүгийн салбарт эзлэх даатгалын зах зээлийн жин, эзлэх хувь хэмжээ бага хэдий ч эндээс хөрөнгийн зах зээлийн шинэ тоглогчид төрөн гарч байна. Шинэ хувьцаанууд шил шилээ даран мэндэлж, хөрөнгө оруулагчид зөвхөн сонголтоо хийх үлдлээ. Компаниуд хөрөнгийн зах зээлийн нэгэн эд эс нь болох гэж өөрсдийн бизнесийн зарчмаа өөрчилж байна. Олон нийтийн засаглалтай болж, нийгмийн өмнө илүү хариуцлага үүрэхээр зориглон хөдлөх болов.

“Ард даатгал”, “Мандал даатгал” гэсэн бүтээгдэхүүн хөрөнгийн биржийн арилжааны “цэс” дотор багтах нь тодорхой болов. Танилцуулга нь эхэлсэн “Ард даатгал” компани цэвэр ашгийн хэмжээгээрээ даатгалын зах зээлийн 12.9 хувийг эзэлж байгаа бол нөхөн төлбөрөөрөө зах зээлд 9.17 хувийг эзэлж байгаа аж. Биржийн лангуу руу шилжихээр зэхэж байгаа тус компани анхдагч зах зээлд хувьцаа гаргахаар төлөвлөж байгаа нь энэ. Үнэт цаас гаргагч “Ард даатгал” компани олон нийтээс 5.2 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр бол “Мандал даатгал” компани 7.5 тэрбум төгрөгийн эрэлд гарчээ. 2015 онд “Монгол Шуудан” компани Монголын хөрөнгийн биржид хувьцаа гаргаснаас хойш компаниудад IPO хийх, нэмэлт хувьцаа гаргах сонирхол идэвхжиж байна. Ингэснээр хөрөнгийн биржийн бүтээгдэхүүний сонголт нэмэгдэж, хөрөнгө оруулагчдад мөнгөө өсгөх талбар нь энэ зах зээл болж хувирлаа. 

2017 онд мэдээллийн технологийн компаниуд хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан бол энэ онд финтек болон барилгын материал үйлдвэрлэгч, гурил, тэжээлийн компани зах зээлд шинээр орж ирцгээсэн билээ. Үүнийг залгаад одоо даатгалын компаниуд хөрөнгийн зах зээлийг хөдөлгөөнд оруулж эхэллээ. Хөрөнгийн зах зээлийн хаалгыг тогшиж буй даатгалын компаниудын засаглал хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргах мөчид харгалзан үздэг гол хэмжүүр нь болдог. Үнэт цаас гаргагч “Ард даатгал” компанийг энд авч үзье. Компанийн засаглалыг нь шинжих гэж байгаа бол хараат бус гишүүдээр нь үнэлж, дүгнэж болох юм. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр олны танил эрхмүүдээс гэвэл “Эрдэнэс Монгол” компанийн Бизнес хөгжил эрхэлсэн дэд захирал О.Одбаяр, “Сүү” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нар ажилладаг юм байна. 

Үнэт цаас шинээр гаргагч “Ард даатгал” компани гэхэд хөрөнгө оруулалтын орлогоо жил бүр өсгөсөөр 2022 онд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын орлого төвлөрүүлэхээр байна. Энэ нь 2018 онтой харьцуулахад 185.7 хувийн өсөлт аж. “Ард даатгал”-тай нэг зах зээлд ажиллаж буй “Мандал даатгал” компанийн хувьд нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгож байгаа юм. Тус компанийн ТУЗ-ийн даргаар Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг ажилладаг бол “Ард даатгал”-ын ТУЗ-ийн дарга нь “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг билээ. “Ард даатгал”-ын хувьцааны андеррайтерингийн үйлчилгээг “БиДиСек ҮЦК” компани, аудитын үйлчилгээг “Далайван”, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “ВDO Аудит” компани үзүүлж байна. “Мандал даатгал” болон “Ард даатгал” компанийн хөрөнгийн үнэлгээг аудит, нягтлан бодох бүртгэл, зөвлөх үйлчилгээний дэлхийн тав дахь том сүлжээ хийжээ. Хөгжиж буй Монголын хөрөнгийн зах зээлд шинэ хэмнэл бий болж байна.