“Үжин” төв рүү ороход нар ээсэн, гоёмсог хөшиг татсан  халуун дулаан айл шиг орчин угтлаа. Тэгсэн хэрнээ тусдаа гараад удаагүй залуу айл шиг л тавилга, эд хогшил гэхээр юм цөөн. Хүүхдийн амралтын өрөөнд зуслангийн байшингаасаа аваад ирээ юу гэмээр овортой хайрцаган том зурагт байв. Үүнээс гадна том буйдан, тоглоом, номын тавиур, хивс гэх мэт эхний хэрэгцээгээ хангажээ. “Унтлагын өрөөнд ор тавих л дутуу, ор хөнжлийн даавууг ээж минь оёсон, нийтийн байр шиг байлгахгүйн тулд давхар биш дан ор тавих гэж байгаа. Өнөөдөр дэлгүүр гарч ор үзнэ” гэж тус төвийг үүсгэн байгуулагч Д.Ундраа хэллээ. 

“Үжин” төв Монголд анх удаа хохирогч хүүхэд болон тэдний гэр бүлийн эрх ба хэрэгцээнд суурилсан нийгмийн ажлын цогц үйлчилгээ үзүүлэх, гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын хувилбарт аргачлалыг нэвтрүүлжээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ онд төрийн бус 16 байгууллагатай хамтран ажиллаж, хүүхэд хамгааллын зарим чиг үүргийг хүлээлгэсэн. Ерөнхийдөө төвлөрсөн хуарангийн системээс шилжиж буйгийн жишээ энэ. Тухайлбал, “Өнөр бүл” асрамжийн төв өмнө нь маш олон хүүхдэд олон мэргэжилтэн хуваарилж, ээлжээр ажиллуулдаг байж. Одоо найман хүүхдэд тутамд нэг “асралт ээж” байх бөгөөд тэдгээр хүүхдэд бүрэн хараа хяналт, асаргаа, нийгмийн ажил үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй аж.

Тэрбээр “Маш олон байгууллага энэ санаачилгыг дэмжсэн. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ажилтнуудын цалин, байрны түрээс гаргаж, СЭМҮТ-өөс сэтгэл засалчаа хамтран ажиллуулахаар болсон. Манай төв дөрвөн нийгмийн ажилтан, хоёр сэтгэл зүйчтэй. Үүнээс гадна тогооч, мэргэжлийн ур чадвартай өмгөөлөгч, зөвлөхүүд хамтран ajillana. Төрийн дэмжлэггүйгээр энэ хүмүүсийг цалинжуулах ямар ч боломжгүй. Тийм болохоор төрийн дэмжлэг, хамтын ажиллагаанд их талархалтай байгаа. 

“Энэхүү төв нийтийн хуаран аргачлалаар биш, цөөн тооны хүүхдийг гэр бүлийн орчинд хүлээн авахаараа онцлог.”

Шинэ айл бий болоход хэрэгцээтэй бүх зүйл хэрэг болж байна даа. Манайхан гэрийнхээ хөшиг, талх баригч, тараг бүрэгч, ус буцалгагч гээд боломжтой бүхнээ л аваад ирчихсэн, харж байгаа биз дээ. Гэхдээ тоглоом, хувцас, оо, сойз, аяга таваг, халбага сэрээ, ширхэг ном байсан ч бидэнд илүүдэхгүй.” хэмээв.

БХХХНС “Үжин” төв нь Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байранд ирсэн хохирогч хүүхдийн эрсдлийн түвшин өндөртэй 2-13 хүртэлх насны хүүхдийг гурван сараас нэг жил хүртэл хугацаагаар байрлуулан үйлчилгээ үзүүлэх юм. Энэ хугацаанд нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын эмчилгээ, боловсролын үйлчилгээг тасралтгүйгээр хангах сургууль, цэцэрлэгт хамруулж, цаашид эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй, амьдрах ухааны чадвар чадамжтай болгох талаас нь анхаарч ажиллах ажээ.

Д.Ундраа нийгмийн ухааны багш, эрх зүйч, нийгмийн ажилтан мэргэжилтэй, 2009 оноос эхлэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидтой ажилласан. Тэр цагаас л бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх цогц үйлчилгээ үзүүлдэг ийм төв байгуулахаар зорьсоор үр дүнд хүрсэн нь энэ. “Дөнгөж эхлэж байгаа учраас дутуу зүйл байгаа ч эхлэлийг нь тавьчихсан болохоор төр, төрийн бус, олон нийтийн дэмээр болох байхаа” гэж Д.Ундраа багш итгэл дүүрэн хэллээ. Тэрбээр энэ төвийг байгуулахын тулд төрийн албаа хүлээлгэж өгсөн. Хүмүүс тэгэхэд гайхаж, шүүмжилсэн ч энэ ажил руу зориг гарган, цаг заваа зарцуулахгүй бол урагшлахгүй” байсан гэлээ.

“Миний хүүхэд л биш бол боллоо” гэсэн бодолтой хүн олон байгаагаас хүүхэд хамгааллын ажлыг иргэд төдийлэн чухалчлахгүй хэвээр байна. Иймэрхүү ажлын үр дүн хагас жил биш, нэг жил биш, наад зах нь 5, цаашлаад 15, 20 жилийн дараа сая мэдэгддэг. Үүнийг ойлгохгүй, ашиг сонирхлоо урдаа тавьсан хүн олон байгаагаас одоо ч хийж амжаагүй ажил олон. Том зургаар нь харвал аливаа улс орон хүүхэд хамгааллыг хангалттай түвшинд аваачихын тулд 21 тэрбумын төсөвтэй байх хэрэгтэй гэсэн НҮБ-ын судалгаа бий.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг урт хугацаанд хамгаалах байр гадаадад бол наад захын үйлчилгээнд орно. Тэгэхэд манайд одоо л үүд хаалгаа нээж байна. Хэрэгцээ шаардлага их байгааг бүгд л мэдэж байгаа. Гэвч үүнийг шүүмжлэх аргагүй, хүүхэд хамгаалал Монголд 2016 оноос дорвитой урагшилсан юм.

“Энэ бол манай улсад нэн шаардлагатай байсан үйлчилгээ бөгөөд томоохон АЖЛЫН эхлэл нь боллоо.”

Энэ онд гэхэд салбар төсвийг гурван тэрбум төгрөгөөр нэмж 8 тэрбум болгосон. Цаашид ч олон улсын шилдэг туршлагуудыг судалж, одоо хэрэгжүүлж байгаа ажлуудыг эрчимжүүлэх талаар олон ажил төлөвлөн ажиллаж байгаагаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун хэллээ. Тэрбээр “Энэ жил бид 16 ТББ-тай хамтран гэр бүлийн хувилбарт үйлчилгээг эхлүүлж байна. Цаашид үүнийг төрийн бүтэц болгохоор төлөвлөсөн. Хүүхэд хамгааллын чанаржуулахын тулд бүх салбарын хамтын ажиллагаа чухал. Ингэснээр өнгөрсөн хойно нь халаглах биш, урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэнэ” гэлээ. 

Хүүхдийн хүчирхийллийн талаар дуудлагыг холбон зуучилдаг байсан 108 тусламжийн утас өдгөө мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан- зөвлөхүүд 24 цагаар үнэ төлбөргүй дуудлага хүлээн авч эрсдэл өндөртэй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх шуурхай дуудлагын баг, түр хамгаалах байраар шууд туслалцаа үзүүлээд хоёр жил болжээ. Шуурхай дуудлагын баг тусгай дуут машинаараа хүүхдийг яаралтай очиж аван түр хамгаалах байрандаа авчирдаг болсон юм. Холбогдох албаныхан тус төв жилд 150 хүүхдэд туслалцаа үзүүлэхээр төлөвлөсөн ч энэ оны есдүгээр сарын байдлаар гэхэд энэ тоо 700 гарчээ.

Хүүхэд хамгааллын салбар бол ашгийн төлөө ажилладаггүй. Харин ч олон улсын жишигт 70 хувийн алдагдалтай ажилладаг гэсэн тооцоо бий. Монголд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдтэй шууд ажилладаг хүмүүс нохойд хазуулах, гар хөлөө хөлдөөх шахуу л очиж, цагтаа тардаг ажилтан ч байдаггүй. 

"Хүүхдүүдийн хамгийн сайн хадгалдаг нууц бол бэлгийн хүчирхийлэл. Хохирогч энэ талаар “том хүн”-д хэлсэн л бол байдал тун хүнд байгаа гэсэн үг."

Манай улсад сэтгэл зүйн туслалцааны ач холбогдлыг нэн чухалчлах болж, эрчимтэй хөгжиж буй. Чухал жишээ дурдвал, саяхныг хүртэл ГССҮТ гэхэд энэ төрлийн өвчтөнд сэтгэл зүйн туслалцаа үзүүлж, цаашдын хохирлоос хамгаалах үйлчилгээ байгаагүй. Харин өнгөрсөн оны 9-р сараас тусгай сэтгэл зүйч  мэргэжилтэнтэй болж хүчирхийлэлд өртсөн 50 орчим хүнд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлсэн.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд насан туршдаа шархтай үлддэг. Харин тэр шарх ирээдүйн амьдралд нь сөргөөр нөлөөлөхгүй байх талаас нь мэргэжлийн хүмүүс л анхаарч ажиллаж чадна. Тийм бүрэн боломж бий. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нийгэм сэтгэл зүйн цогц үйлчилгээ, хууль-эрх зүй, өмгөөллийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, халамжийн үйлчилгээнд холбон зуучлах, боловсролын үйлчилгээг тасралтгүй хангах, амьдрах ухааны чадвар, чадамжтай, амьдралд хөл алдахааргүй болгох нь “Үжин” төвийн зорилго. 

Хүн бүхэн сайхан амьдрах эрхтэй, бас бид бүгд нэгэндээ боломж олгох үүрэгтэй. Та, бид, бүгд ирээдүй, үр хойчийнхоо өмнө хүлээсэн хариуцлагатай. Өөрөөсөө биш, өрөөлөөс болж барагдашгүй шарх амсчихаад, бусдад бас ад үзэгдэх ёстой гэж үү. Өнөөдөр таны гар сунгаагүй тэр хүүхэд хожмын өдөр таны хүргэн, бэр болж ирээд үр хүүхдийг тань зовоох юм биш биз. Өөрчлөлт хийх хүч чадал танд ч, надад ч бий. 


 Хандивын асуудлаар “Үжин” төвийг үүсгэн байгуулагч Д.Ундраатай холбогдохыг хүсвэл “Ундраа Үжин” фэйсбүүк хаягаар орно уу.