Л.Дэлгэрмаа
05 сарын 28, 2024
Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах, менежментийг нь сайжруулах хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болон Европын холбооны буцалтгүй тусламжаар Морингийн даваанд хог хаягдлын ландфиллын байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр баригдаж байна.
Тус үйлдвэр нь Үйлдвэр эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфиллын байгууламж, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрдэх бөгөөд 2024 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар төслийн багаас мэдээллээ.
УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотоос жилд 1.4 орчим сая тонн хог хаягдал гардаг. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг. Ландфиллын байгууламж ашиглалтад орсноор байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан 5.5-8.5 сая тонн хог хаягдал хүлээн авч, байгаль орчинд ээлтэй аргаар устгах боломж бүрдэнэ.
Түүнээс гадна жилд 175 мянган тонн барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой. Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож эдийн засгийн эргэлтэд оруулна. Энэ нь утгаараа энэ бол ач холбогдол өндөр, үр өгөөжтэй төсөл. Мөн бусад хог хаягдлыг ангилж хүлээн аван, шатааж, эрчим хүч гарган авах үйлдвэрийг Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт байгуулахаар ажиллаж байна” хэмээлээ.
Тэрчлэн ландфиллын байгууламж болон хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд ашиглах машин техникийг шинэчлэх ажлын хүрээнд нийт 29 нэр төрлийн машин техник, сэлбэг хэрэгслийг нийлүүлээд байгааг тэрбээр онцлов. Тус үйлдвэр нь хогийн цэгийн тоог багасгах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах, ус, эрчим хүчийг хэмнэх, тогтвортой ажлын байр бий болгох зэрэг олон давуу талтай аж.
хог боловсруулах үйлдвэр барилгын хог ус эрчим хүчний хэмнэлт
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.