Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан их хэмжээний зээл авсан гэх мэдээлэл цацагдаад буй юм. 

Тэдгээр дотор УИХ-ын гишүүн Х.Нямбаатар багтаж буй бөгөөд түүнийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл тархсан.

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар уг асуудалтай холбоотойгоор өөрийн цахим хуудсаар дамжуулан "Миний бие болон гэр бүл мөн надтай хамаарал бүхий этгээдүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл аваагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн мэдээлэл хийлээ.

Тэрээр "Энэ амралтын өдрүүдэд сошиалиар, ялангуяа фэйсбүүкээр бусдыг гүтгэсэн шинжтэй мэдээллүүд зохион байгуулалттайгаар цацагдаж байна. Өөрөөл хэлбэл "Намайг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөг авсан. Тэрийгээ төл" гэсэн постууд явж байна. Үүнтэй холбоотойгоор би өнөө өглөө зориуд мэдээлэл хийж байна.

Миний бие болон гэр бүл, надтай хамаарал бүхий этгээдүүд тус сангаас зээл аваагүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Намайг авсан зээлээ төл гэсэн шаардлагыг "Оффшорын эсрэг авлигатай тэмцэх бүлгэм" гэдэг фэйсбүүк хуудаснаас тараасан. Би маргааш буюу ажлын өдөр тагнуул, цагдаагийн байгууллагад энэ фэйсбүүк хуудсуудын байршлыг тогтоож, гүтгэлгийн залруулгыг хийх шаардлага бүхий албан бичгийг өгнө. 

Мөн тус пост дээр "УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 14 настай хүүхдийг хүчиндсэн бол хэрэгт тооцохгүй гэсэн заалтыг зөрчлийн хуульд оруулж чадсан" гэж бичсэн байна. Энэ бол УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн бусдыг төөрөгдүүлж тараасан худал мэдээлэл" хэмээн ярилаа.