Коронавирусийн халдвар гарснаас хойш хүмүүс хүрч буй бүхнээсээ сэжиглэх нь нийтлэг үзэгдэл болсон. Нэн ялангуяа агаарын хөлгөөр зорчигчид суудал, гарын түшлэг, суултуур болоод дэлгэцэнд хүрэхээс ч сэжиглэж, хүрч буй бүхэнд нь коронавирус байх вий гэж эмээж байх болжээ.

Хэдийгээр агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд нислэг хоорондын цэвэрлэгээ, ариутгалыг хичээнгүйлэн хийж, вирус тархахаас чадлаараа сэргийлж байгаа ч Щвейцарийн старт-ап UVeya компанид энэ хангалттай санагдаагүй нь өөрсдийн халдваргүйжүүлэгч автомат роботыг зохион бүтээхэд хүргэжээ.

Тус робот нь онгоцны нэг талаас нөгөө тал хүртэл хэт ягаан туяаны гэрлээр 2 эгнээг зэрэг халдваргүйжүүлэх чадвартай бөгөөд ингэхдээ бактери, бичил биетнүүдийг 99 хувь устгах гэнэ. 

Хоёр эгнээ буюу нэг коридорыг дуустал явахад нийт 13 минут зарцуулах ба том онгоцуудын хувьд арай илүү цаг шаардагдана.

 

UVeya компанийг үүсгэн байгуулагчдийн нэг Ёдок Элмигер, "Хүмүүсийн хийж байгаа гар цэвэрлэгээ, ариутгал нь гэрлийн туяа л хүрч чадах зарим нарийн завсар зайг гээх боломжтой. Харин ариутгал хийгдээгүй хэсэг үлдэнэ гэдэг нь өөрөө аюул шүү дээ. Манай роботыг ашиглах их амархан. Ердөө л асаах товчлуурыг нь дараад орхино. Робот өөрөө коридороор яван ариутгалаа хийгээд дуусахдаа автоматаар унтрана. Ажилчдын зүгээс зөвхөн роботыг явах коридорт нь л чиглүүлж тавихад хангалттай.Тиймээс ажилчид ч ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл явцад өөрсдөө халдвар авна гэх айдасгүй юм" хэмээжээ. 

Тухайн робот нь халдваргүйжүүлэлтийн дараа ямар ч химийн хаягдал үлдээдэггүй онцлогтой тул зорчигчид онгоцонд суухад ямар ч аюулгүй гэнэ. 

Ёдок Элмигерийн хэлж байгаагаар агаарын хөлөг бүтээгч компаниуд роботыг туршиж, хэт ягаан туяаны гэрэл нь онгоцны эд ангид ямар ч хор нөлөөгүй гэдгийг батлах хэрэгтэй байгаа гэдгийг хэлжээ. Гэсэн ч тэд Щвейцарийн үндэсний агаарын тээвэрлэгч компани Helvetic Airways-тай хамтарч, роботыг туршиж байгаа юм. Тэд туршилтын үр дүн эерэг байна гэдэгт ч бат итгэж, хэрэв сертификат авч чадвал цар тахлын үед зорчигчид айдас багатай аялах боломжийг бүрдүүлнэ гэжээ.


Эх сурвалж: UNILAD