Саруулын Ариунжаргал
09 сарын 13, 2018
Хэт их бодож өөрийгөө зовооно гэдэг нь ямар нэгэн зүйлийн талаар хэтэрхий удаан бодохыг хэлдэг. Хэт их бодлогоширсноор стресст орж, улмаар таны бие махбод адреналин болон кортизол гэх стрессийн даавруудыг ялгаруулж эхэлдэг. Эдгээр даавруудын нөлөөгөөр хүн саруул ухаанаар сэтгэх чадвараа хэсэг алддаг байна.
Гэвч ийм үед асуудлыг сайн бодож тунгаахаас гадна, ямар нэгэн үйлдэл хийх нь чухал байдаг. Хийж бүтээх оролдлогогүй бол хорвоогийн хамгийн агуу суут ухаантан ч зэвэрч, түүний шинэлэг санаа хэнд ч хэрэггүй зүйл болж хувирна.
Иймээс зогсолтгүй үргэлжлэх бодлын урсгалыг намжааж, дарж сурах нь маш чухал.
Хэт их бодохоо болиход тань туслах 7 аргыг зөвлөж байна
#1. Хүлээн зөвшөөр
Ямар нэгэн муу зуршлаасаа салахын тулд юуны түрүүнд үүнийгээ хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Хэт их бодох нь уцаартай болох, анхаарал төвлөрөл муудах, сэтгэл зовних зэрэг сэтгэл санааны сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Санаа зовоосон бодлууд эргэлдэж эхэлмэгц та “Энэ тухай бодмооргүй байна” хэмээн өөртөө хатуу хэлэх хэрэгтэй.
#2. Өөр зүйлд анхаарлаа хандуул
Стресс үүсгэх бодлууд орж ирээд байвал тэс өөр, эерэг зүйлд анхаарч, сатаар. Өөдрөг бодол төрөхгүй бол хийж байгаа зүйлээ түр завсарлаж, ном уншиж эсвэл тоглоом тоглоорой.
#3. Бодлоо дарахыг хичээх хэрэггүй
Сэтгэл зовнилоор шаналдаг хүн бүр танд хэлэх байх. Бодлоо дарахыг оролдох нь үр дүн муутай байдаг гэж. Үүний шалтгаан маш энгийн – тархины үндсэн үүрэг бол бодох шүү дээ. Толгойд төрөл бүрийн бодол орж ирэх нь энгийн үзэгдэл, бодол огт орж ирдэггүй бол харин асуудалтай гэсэн үг юм шүү. Үүнийг ойлгож, бодлоо дарах бус харин цэгцлэхийг хичээх хэрэгтэй.
#4. Ажигла
Утгагүй бодлууд болон сөрөг сэтгэлгээ бол сэтгэл зовнил, депресс зэрэг өвчлөл үүсэх үндсэн шалтгаан болдог гэдгийг та мэдэх үү? Бодлуудаа ажиглаж, та чухам ямар зүйлд сатаарч байгааг олж мэд. Үүний дараа хийж буй ажилдаа эргэн анхаарлаа төвлөрүүлээрэй. Энэ бол бодлоо дарахаас эсрэг үйлдэл гэдгийг анзаарч байгаа биз?
#5. Өөртөө сануулга үлдээ
Бүгдээрээ өөрсдийгөө хуурахаа больцгооё. Хэт их бодож өөрийгөө зовоохоо болих хэцүү, энэ бол олон жилийн турш тогтсон дадал зуршил. Таны тархи урьдны л адил ажилладагаараа ажиллах болно. Харин өөртөө сануулга өгөх нь дадал зуршлаа өөрчлөх сайн арга юм шүү.
Компьютер дээрээ эсвэл ажил, гэрийнхээ ширээн дээр өөртөө сэтгэл санааг тань өргөх захидал үлдээ. “Яг одоо, яг энд!”, “Чи юуны талаар бодож байна?”, “Ажигла” гэх мэт.
#6. Төгс болохыг хичээх хэрэггүй
Перфекционист буюу бүх зүйлийг төгс хийхийг хүсдэг байх нь сайн гэж зарим хүмүүс боддог. Гэхдээ тийм биш юм. Үнэндээ, перфекционист хүмүүсийн сэтгэл зовнилийн түвшин өндөр, амьдралын түвшин муу байдаг. Бүтэлгүйтсэн ажил бүхнээ эргэн бодож, өөртөө эргэлзэж, бусадтай харьцуулж, хэт өндөр хүлээлттэй байж, бүхнийг хянах гэсэн зан нь тэдний амьдралыг сүйтгэж байдаг зүйлсийн багахан хэсэг. Хэрэв та перфекционист хүн бол эцсийн үр дүнд бус үйл явцад илүү их анхаарал хандуулахыг хичээгээрэй.
#7. Бясалгал хий
Өмнө нь хэлсэнчлэн хэт их бодож өөрийгөө зовоохоо болих бол тийм ч амар зүйл биш. Иймээс л өөрийгөө сорьж, өөрөөр сэтгэхийг хичээх хэрэгтэй байдаг. Санаа зовж эхлэх бүрт бясалгал хийж чадвал маш сайн үр дүн өгөх болно. Бясалгал хийж байх үедээ та анхаарлаа амьсгал дээрээ төвлөрүүлж, зөвхөн одоо болж буй үйл явцад анхаарал хандуулах болно.
Бясалгал хийхэд туслах гар утасны олон аппликейшн, онлайн сайтууд байдаг. Та анх удаагаа бясалгал хийх гэж буй бол 5-10 минутын хичээлээс эхэлж, цаашид хугацаагаа бага багаар нэмэгдүүлээд үзээрэй.
Хамгийн чухал нь тэвчээртэй байх хэрэгтэй. Олон жилийн дадал зуршлыг өөрчлөх гэж оролдох явцад олон удаа бүтэлгүйтэх магадлалтай.
Бага зэрэг завсарлаж, яг одоо үед анхаараарай. Өнгөрсөнд болж өнгөрсөн зүйлийг эргэн бодож, ирээдүйн талаар санаа зовж өөрийгөө зовоох хэрэггүй.
Эцсийн эцэст “амьдрал бол аялал, хүрэх ёстой эцсийн цэг биш” гэдгийг санаарай.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.