“Зохиолч бол мөнөөхөн эмэгтэйн бүтээсэн олон шүлгийн биелсэн нэг хувилбар буюу “хүмүүн хэлбэр” нь...Зохиолчийнхоор тэд ихэр сүнстэй” \х-12\

Зохиолд хоёр эмэгтэй уран бүтээлчийн тухай гарч байгаа ч тэд нэг хүн. Өөрөөр хэлбэл Өлзийгийн “ихэр сүнс”-үүд. Хоёр ч биш юм байна. Хоёр эмэгтэйн тухай бичиж байгаа Өлзийтэй нийлээд “гурван ихэр сүнс” гэмээр юм уу. “Номыг зүгээр л унш.

“Шилэн хоргон дахь загасны гунигийг тэгэхэд л анх ухаарсан даа. Айдас аргагүйдлийг. Баригдах хоригдохы гасланг. Байгаа орон зай нь багадахын гачланг” \х-21\

“Аквариум” дахь алтан загас тэгэхээр Өлзий өөрөө байжээ. Уран бүтээлч хүн бол баарны тайчигч, амьтаны хүрээлэнгийн торон доторх амьтад. Гайхсан, баярласан, гомдсон, атаархсан, сонжсон, шоолсон өчнөөн олон нүд харж буй.

“Тэр л өдөр би хоёр хуваагдсан юм” \х-44\ “Аллага”-аас болоод хүн сүрэг дунд махан биеэ орхиод, сүнс нь харин шувуудыг дагаад нисжээ.

“Насанд хүрэгчдийн хайр” бүлэг өгүүллэг. “ Хэн нэгэнд хүрэлгүйгээр , буй болгосон зүйлсийг нь нураалгүйгээр , юуг ч эвдэж сүйтгэлгүйгээр хайрлаж болдог шүү дээ” \х-96\ Нөхрөөсөө өөр хүнд дурлаагүй бүсгүй гэж байдаг юм уу ер нь. Хайр цор ганц байх боломжгүй. Насанд хүрэгчдийн хайр бол “өмч”-ийн хайр юм. Өөрт хамаатай юм бүхнээ хайрлана.

“Гуниг бол яруу найргийн ертөнц дэх гэрэл” \х-166\ Гэрлээр дутсан найрагчид хоосон магтаал хөврүүлж, алга ташилтаар эгогоо тэжээж суудаг бус уу. Гэрэлгүй учраас тэд хэн нэгнээс гэрэл гэгээ хүснэ. Тэр нь магтаал хэмээх хуурамч зан. Яруу найргийг магтах хэрэггүй ээ. Зүгээр л ойлгохыг хичээх, гунигт нуугдсан гэрлийг л олж үзвэл болох нь тэр.

“Мөрөөдөл гэдэг хоосон сэтгэлийг дүүргэдэг хоосон зүйл. Гэхдээ хэнийг ч жаргалтай болгож чаддаг хачирхалтай хоосон” \-171\ Тэр хоосон байхгүй бол тэгээд амьдрал утгагүй, бүр үхмээр санагдана шүү. Мөрөөдөл гэдэг бол маргааш юм. Маргаашд итгэж байгаа тулдаа л амьд явж байна.

“Хүний төсөөлөл заримдаа ийм харгис” \-180\ Төсөөллөө бодит байдал гэж итгэдэг учраас бусдад харгис хандаж байгаагаа огтхон ч ойлгодоггүй. Тэгэхээр төсөөлөлдөө хууртаж байгаа хүн өөрөө харгис байх нь.

“Нинж сэтгэлээс л ариун хийгээд сайхан төрөх учраас...”\х-185\ Улс төрчид увайгүй, харгис хэрцгий, хар амиа хичээсэн байдаг нь аргагүй юм даа. Сайн зохиол гэдэг хувь хүний авьяасаас гадна зан төрх, дотоод мөн чанарынх нь тусгал байх нь.

“Олон хүний зөвхөн өөртөө төвлөрсөн, аминч, сохор, сэтгэлгүй байдалтай зүйрлэн бодоод, уучлахаас өөр арга үлддэггүй билээ...”\х-189\ Зөвхөн өөрийнхөө номыг сурталчилдаг, зөвхөн өөрийгөө мундаг гэж итгэдэг, зөвхөн магтаал хэлсэн хүнийг л уншигчаа гэж боддог тийм “сохор” зохиолчдыг хараад уучлахаас өөр арга байдаггүй юм даа.

“Байхын жаргалыг мэдэхгүй бол байхгүйн зовлонг мэдэхгүй шүү дээ”\х-236\ “ Мама зохиолч” хоёрын харилцан яриан дунд өнгөрсөн цагийн түүх дурсамж сөхөгддөг. “Үзэхийн хязгаар” бол Өлзийгийн туулсан, үзсэн харсан дурсамжууд байдаг бол тэрнээс өмнөхийг Мамагийн яриа нөхөж байгаа юм. Зүгээр л нэг буу халж байгаа мэт боловч орхиж гээгдсэн олон зүйлийг мэдээд авч болно. “Дурсамж бол зохиолч хүний багш” Зохиогч өөрөө ингэж бичсэн юм шүү.

“Онгод давтагддаггүй учраас сайн зохиол давтагддаггүй” \х-305\ Бичих авьяастай хүн болгонд онгод заяадаггүй учраас бусдаас хуулж, хулууж, давтаж, үйлдвэрлэж суудаг байх даа.

“Баян монгол ба ядуу монгол “ фельетон. Яруу найрагч фельетон бичнэ гэдэг сонин ч юм шиг. Гэхдээ баян ба ядуу монгол хоёулаа сэтгэлийн, оюуны өлсгөлөнд байгаагаараа адилхан юм. Баян нь элийрч байгаа бол ядуу нь солиорч байна. Баян ядуу хоёр адилдаа адил, годилдоо годил юм шив. Хоёулаа дүр эсгэнэ.

“Уран зохиолын шүүмж” “Уран зохиолын хүүхнүүдээс л хол байя даа. Маш хол...Зөвхөн эрэгтэйчүүдтэй найзална даа”- 1995 он. \х-333\ Яагаад тэр вэ?

“Юу ч болоогүй мэт амьдардаг, юуг л бол юуг хийчихдэг хүн яасан олон “ Эм хүний ичгүүргүй хуурмаг зангаас болчихов уу даа. Нөхрийг нь булаах гэж оролдсон тэр эмэгтэй “шүүмж” бичсэндээ бус харин худал хуурмаг багтай хүмүүс, ялангуяа эм хүн аймшигтай санагдсан байж магадгүй.

“Хэн нэгний эмэгтэй байна гэдэг, зөвхөн түүнийх байна гэдэг, хэнд ч дурлах эрх чөлөөтэй явахаас үнэ цэнтэй зүйл аж” Хайрыг торлож болно гэж үү? Хайрыг өмчилж болно гэж үү? “Үхэл миний өмч” гэж Дарма.Батбаяр гуайн жүжиг бий. Тэгэхээр “ хэн нэгний эмэгтэй” болсон бол хайрын өмчинд очсон бол хайрлах хэрэгтэй. Гэхдээ энэ бол зөвхөн нэг тал нь. Хэн нэгний эмэгтэй болсон гээд хартай, харгис хэрцгийн нөхрөө хайрлаад сууна гэсэн үг биш шүү дээ.

“Шашин- Хүн ер нь ямар байх ёстой вэ? Уран зохиол- Хүн ер нь хэн юм бэ?” \х-334\ Хувь хүний хөгжил нэртэй эмийн жорууд хүнийг загварчилж байгаа бус уу. “Тамирдсан нийгэм” нэртэй ном байдаг. Ямар байх ёстойгоо ухаараагүй, хэн юм бэ гэдгээ ойлгоогүй цагт өөрийгөө яаж өөрчлөх юм бэ? Өглөө эрт бос, ихийг хийж бүтээ гэж уриалах нь биднийг тамирдуулж байна даа.

“Эгод нь үйлчилсэн хүнийг л хүн жинхэнээсээ хүлээн зөвшөөрдөг юм шүү дээ” \х-371\ Эгод нь үйлчлэхгүй бол үзэн ядна. Нийгмийн сүлжээ гэдэг бол боолчлогдсон эрх чөлөө. Ямар зорилгогүй пост бичдэг хүн нэгээхэн ч байхгүй. Санал нийлээгүй хүнийг шууд мөглөнд хийнэ. Тэр нь гэгээн мүглэн бус гарах аргагүй харанхуй нүх. Хүмүүс ганцаардлын айдсаас гарах гэж боолчлогдсон эрх чөлөөнд дурлана.

“Бичих авьяас гэдэг бүтээх авьяас биш” \х-371\ Пикассо алдартай, хүн болгон мэддэг учраас хэн ч муулдаггүй. Хүүхдийн сараачсан дүрс шиг юм байлаа ч тэр Пикассо учраас мундаг байж таарна.

“Урлагийг туршлагаар бүтээдэггүй. Бодож олсон элдэв, хуурай санааны нийлбэр жинхэнэ урлаг болж чадахгүй”\х-369\ Жинхэн урлаг ба хуурамчийг ялгаж танихгүй учраас хууртаж явахаас яахав даа.

“Би - хүн чанартаа ч, урлагтаа ч үнэнч үлдэнэ...”\х-340\ Уран бүтээлч хүний тунхаг. Гэвч “урлаг” -аа бүтээж чадсан уу гэдэг том асуултын тэмдэг юм. Уншигчид бол урлагийг таашаана уу гэхээс шүүх боломжгүй. Мэргэжлийн хүмүүс нь загас мэт дув дуугай. Гагцхүү цаг хугацааны шалгуурт л найдах үлдэнэ. Гэтэл энэ бол хоосныг дүүргэх хоосон мөрөөдөл...

“Хүнд олгогдсон хамгийн том эрх чөлөө бол ха ха ха”\х-340\

Гоё ном уу, танд таалагдсан уу гэх мэт асуулт бол өөр олгогдсон унших эрх чөлөөгөө дөнгөлүүлж байгаа хэрэг юм. Тэмдэглэл дуусаагүй. Дүгнэх болоогүй. Өлзий одоо хагас нүцгэлж байна. Толин доторх нүдний өмнө гэж бодож байгаа ч бидний өмнө шүү!..

Хөх Толбот Д.Төмөр-Очир