Хэл ам ихтэй, нээлттэй ардчилалтай барууны нийгэмтэй харьцуулахад Хятадын улс төрийн тогоон дахь манан дундаас жинхэнэ эрх мэдэлтнийг нь олно гэдэг амаргүй. Одоогоор Хятадын коммунист нам бүрэн эрх барьж, тус намд дээд алба хашсан нь хамгийн хүч чадалтай болдог. 

Гэвч эрх мэдэл ганц улстөрчдийн “өмч” юм биш, томоохон корпорациудын эзэд ч “бялуу” хуваалцах хүсэлтэй нь мэдээжийн зүйл. Хятадын улс төрийн хамгийн том үйл явдал, Коммунист намын XIX их хурал энэ сарын 18-нд болно. Үүнтэй холбогдуулан CNN агентлаг 10 мэргэжилтэн, улс төрийн шинжээчээс Хятадын хамгийн эрх мэдэлтэй таван эрхмийг нэрлэхийг хүсчээ. 

Ли Көцян

Онолын хувьд бол Ерөнхий сайд Ли Хятадын эрх мэдлийн системд хоёр дугаар байранд байдаг ч нөлөөлөл нь асар их. Ноён Лиг 2012 онд Хятадын Засгийн газрын тэргүүнээр томилж, дэлхийн хоёрдогч том зах зээлийн эдийн засаг, нийгэм, технологийн шинэчлэлийг хийсэн эрхэм. Тэгвэл яагаад хоёр, гуравт биш тавд байна вэ. Хэнань мужийн захирагч асан, Бээжингийн их сургуульд эдийн засгийн докторын зэрэг хамгаалсан Ерөнхий сайд Ли өмнөх Ерөнхийлөгч Ху Жинтаогийн дагуул, туслах байсан бөгөөд түүний дэмжлэгтэйгээр Коммунист залуучуудын холбооноос гарч ирсэн. Эцэст нь, Ли Көцян нөлөөлөлтэй байж болох ч улс төрийн эрх мэдэл, хүч чадал бага гэж дүгнэжээ.

Ма Хуатенг

Хятадад амьдардаг хүнд ганц л аппликэйшн хэрэгтэй. Тэнд твиттер, фэесбүүк байхгүй учраас аль алинг нь нэгтгэсэн WeChat л хэрэгтэй. WeChat компанийг үндэслэгч Ма Хуатенг бол Хятадын гурав дахь баян эрхэм гэж Forbes сэтгүүл тодотгосон. Түүний нөлөө хязгааргүй, сүүлийн жилүүдэд олон бизнесмэн далавчаа тасдуулсан ч технологийн салбар хол зам туулах шинжтэй байгаа. “Одой морь” хочтой Ма Tencent компанийг 1998 онд их сургуулийн нөхөдтэйгөө үүсгэн байгуулсан юм. 

Ван Чишан

Ерөнхийлөгч Ши Жиньпин 2012 онд төрийн тэргүүнээр сонгогдоод дээд, доод албан тушаалтнууд буюу “Ялаа болон барнууд” хараанд нь бийг онцолсон удаатай. Тэрбээр Хятадын гаарсан авлигыг арчин хаяхаар зориг шулуудсан билээ. Ноён Ши барын анчнаар  Бээжин хотын мээр асан, 2008 оны Олимпын наадмыг зохион байгуулсан Ван Чишаныг томилжээ. Түүнээс хойш Ваны эрх мэдэл, хүч чадал нэмэгдсээр улстөрчдийн дунд айдас төрүүлэгч болсон юм. Ноён Ванг Хятадын улс төрд буй хоёр дахь хүчирхэг эр гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Түүнгүйгээр Ши Жиньпин хүчгүйднэ ч гэх нь бий. Тэдний хамтын ажиллагааны ачаар төрийн өндөр албан тушаалтнуудын зардал багасч, улсын хөрөнгө нэмэгдсэн гэдэг. Ноён Ваны ганц сул тал бол нас нь. 69 нас хүрч байгаа тэрээр удахгүй  тэтгэвэрт гарна.

Жэк Ма

Тэр Майкл Жексоны дууг сонсож, бүжиглэх дуртай англи хэлний багш байлаа. Харин одоо Ши Жиньпиний дараагаар Хятад улсыг төлөөлөгч, улсдаа хамгийн хүчирхэг ноён болсонтой хэн ч маргахгүй. Ноён Ма цахим худалдааны Alibaba сайтыг үүсгэн байгуулагч, дэд ерөнхийлөгч нь. Үүнээс гадна Taobao тэргүүтэй худалдааны хэд хэдэн том сайтыг эрхэлж байгаа юм. Түүний сайт хэдэн сая тэрбум доллар эргэлдүүлж, Жэкийг Хятадын хамгийн баян эрхэм болгосныг дэлхий даяараа мэднэ. Тэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Дональд Трамп хоёртой ганцаарчилсан уулзалт хийж, Хятадад дэлгүүр хэсэх үндэсний баярын өдөр зохиосон юм. 

Ши Жиньпин

Хятадын таван хүчирхэг эрхмийг нэрлээч гэхэд нэгэн улс төр судлаач “Тэр бол намын дарга, ерөнхийлөгч, ерөнхий коммандлагч, хамгийн эрэлттэй номын зохиолч, People’s Daily сэтгүүлийн тодорхойлсноор Хятадын хамгийн ухаалаг сэтгэгч буюу өөрөөр хэлбэл Ши, Ши, Ши, Ши бас Ши” гэж хариулав. Удахгүй болох Намын их хурлаар түүний эрх мэдэл, хүч чадал нэмэгдэнэ үү гэхээс, багасахгүй. Авилгатай дайн эхлүүлснээс хойш Ван Чишан, Ши Жиньпин хоёрын хамтрагчид дээд албан тушаалд гарч байгаа ч дайснууд нь үгүй болсон гэсэн үг биш. Ямартай ч 1980, 1990-ээд оноос хойш Хятадад ийм их эрх мэдэл, хүч чадалтай хүн байгаагүйг дотоод, гадаадын ажиглагчид ам нэгтэйгээр хэлж байна.

Эх сурвалж: CNN