“World Sleep Day” нийгэмлэгийн статистик үзүүлэлтээр нойртой холбоотой асуудлуудыг “дэлхийн хүн амын 45 хүртэлх хувийн эрүүл мэнд, амьдралын чанарт заналхийлж буй бас нэгэн цар тахал” гэж үзжээ. 

Хорь гаруй насны 13 хүний дунд судалгаа явуулахад, 10 хоногийн турш өдөрт авах ёстой хэмжээнээсээ 30 хувь бага нойр авсан залуус 7 хоногийн турш хангалттай хэмжээгээр унтсан залуустай харьцуулахад танин мэдэхүй, сэтгэн бодох үйл ажиллагаа илт муу байсан байна. 

Нойрны мэргэжилтэн доктор Бану Пракаш Колла “Архаг нойргүйдэл нь анхаарал төвлөрөл, асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах чадварт сөргөөр нөлөөлдөг. Судалгаагаар ой тогтоолт, сэтгэцийн боловсруулалтын хурд удааширдаг болохыг тогтоосон” гэж ээ. 

Учир нь тархи нь шинэ мэдээллийг боловсруулах, ой санамжаа хадгалж үлдэх, гол дурсамжийг бүрдүүлэх, өдөр тутмын тархины элэгдэлийг зохицуулахын тулд тасралтгүй унтах горим хэрэгтэй байдаг. Унтах үед таны бие эсийн түвшинд өөрийгөө сэргээдэг.

Мөн хүн өдөрт 6-7 цагаас бага хугацаагаар унтах нь дархлааны системийг бууруулж, эмгэг өвчинд амархан өртөх, хавдар тусах магадлалыг хоёр дахин ихэсгэдэг бөгөөд нойр багатай байх нь их идэх, буруу хооллох шалтгаан болдог аж.

АНУ-ын Өвчлөл хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлж буйгаар хангалттай нойр авахгүй байх нь согтууруулах ундаа хэрэглэсэн хүнтэй дүйцэхүйц жолоо барих чадварыг эрс бууруулдаг гэнэ. Өдөрт 18 цаг сэрүүн байсан хүний цусан дахь спиртийн агууламж 0.05 хувь, 24 цаг унтаагүй хүнийх 0,10 хувьтай хүнийхтэй адил болж, ухамсарт сэтгэхүй саатаж, анхаарал төвлөрөл буурдаг байна. 

Харин 2017 оны судалгаагаар дунд насны эрүүл чийрэг насанд хүрэгч ганцхан шөнө хангалтгүй унтаж амархад тархинд Альцгеймер буюу мартах өвчин үүсэхэд нөлөөлдөг олон тооны уураг үүсдэг болохыг тогтоожээ. 

Хэдэн настайгаас шалтгаалж хүн өдөрт 7-10 цаг унтсан байх ёстой. Харин дэлхийн хүн амын 3/2 нь ямар нэг байдлаар хангалттай унтаж чадаагүй гэж хариулдаг аж.

Тиймээс та тархиа дасгах замаар нойрны аливаа асуудлаас сэргийлэх боломжтой. Ингэхийн тулд эхлээд унтахаас дор хаяж нэгээс хоёр цагийн өмнө зурагт, ухаалаг гар утас болон бусад цэнхэр гэрэл ялгаруулдаг төхөөрөмж ашиглахаа больж, унтах орчны чимээ, тав тухаа хангах нь чухал байдаг. 

Эх сурвалж: CNN