Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-т яаралтай, шаардлагатай үед PCR-ын шинжилгээ авдаг тандалт явуулын таван баг ажилладаг. НОК, НЭМГ-т хүсэлт гаргасны дагуу тэд ойр, дам хавьтал болон айл өрх, албан байгууллага, хэвтрийн өвчтэй хүн, товчоод дээрх PCR/ПГУ-ын шинжилгээгүй иргэдэд хүрч ажилладаг. Нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Тухайлбал, нийслэлийн “Өргөө” амаржих газраас гарсан тандалт явуулын V баг ахлагч, халдвар судлаач Н.Пүрэвжаргал, лаборант Э.Амаржаргал, ариутгагч Б.Эрдэнэчимэг, жолооч Ч.Алтансүх гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Хурдан, шуурхай иргэдэд хүрч үйлчилдэг учраас тус багийнхныг иргэд цохож дуудах нь цөөнгүй гэнэ. Тус V багийн ахлагч, халдвар судлаач Н.Пүрэвжаргалаас тандалт явуулын багийн талаарх зарим зүйлийг тодрууллаа.

-Тандалт явуулын багийн бүрэлдэхүүнд орж, шинжилгээ аваад хэр удаж байна вэ?

-2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тушаал гарч, эрүүл мэндийн байгууллагуудаас тандалт явуулын баг байгуулсан. Анх байгуулагдсан багуудын бүрэлдэхүүн хүн, хүч болон зарим шалтгаанаар өөрчлөлт орох юмуу, татан буугдсан бол манай баг анх тушаал гарснаас хойш тасралтгүй ажиллаж байгаа. НЭМГ-ын Д.Энхтүвшин мэргэжилтэн биднийг чиглүүлэн, арга зүйгээр ханган ажилладаг. Энэ хүн сайн чиглүүлдэг учраас бид халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, тасралтгүй ажиллаж байна. Өдөрт хамгийн багадаа 200-300 хүнээс, ихдээ 1000 орчим иргэнээс шинжилгээ авдаг.

-Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн, яаж баримталж ажиллаж байна вэ?

-Хамгаалах хувцас хэрэгслээ өмсөх, тайлах, ойр орчноо, шинжилгээ авсан газраа ариутгах гэх мэт халдвар хамгааллын дэглэм, заавар, журмыг баримталж ажиллаж байна.

-Хүндрэл, бэрхшээл хэр тулгарч байна вэ?

-Замын түгжрэлээс шалтгаалаад хэвтрийн өвчтөн дээр удаж очих гэх мэт асуудал үүсдэг. Мөн өвлийн хүйтэнд машиндаа байрлаж ажиллаж байсан учраас заримдаа хоол унд идэх, хувцсаа солих зэрэгт асуудалтай байсан. Одоо дулаарч байгаа болохоор машиндаа байрлахад асуудал үүсэхгүй.

-Хэдэн цагаар ажиллаж байна вэ?

-Өглөө 08:30 цагаас цугладаг. Шөнө гэнэт дуудагдана гэх мэтээр янз бүр. Хааяа эрт буухдаа баярлана. Нэг өдөр ажиллаж, нэг өдөр амардаг. Гэхдээ амарч байгаа өдрөө дуудагдах тохиолдол бий. Тэр үед бэлэн байх ёстой.

-Гэрийнхэн нь хэрхэн хүлээн авч байна вэ?

-Анх бол айж, “Угаа, ариутга, тусдаа гарах уу” гэх мэтээр сүртэй хүлээж авсан. Сүүлдээ чухал ажил хийж байгааг маань ойлгож, ойр дотныхон, хамаатан садандаа магтаж ярих ч юмуу, хүндэлдэг болсон.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС