Короновирусын халдвар авсан хүмүүсийн нэр, зураг, регистрийн дугаар, зорчсон маршрутыг зарлаж байна.

Зарим тохиолдолд гэр бүлийн гишүүдийн тухай хаанаас гарсан, үнэн бодитой эсэх нь эргэлзээтэй мэдээлэл түгээгдэж байна. Энэ нь нийгэмд талцал, үзэн ядалт өдөөж, халдварыг хязгаарлах мэргэжлийн байгууллагуудын ажилд уршигтай үйлдэл юм.

Хувийн мэд­ээлэл, хувийн нууц бол Үндсэн хуулиар хамгаалагдсан орон зай.

Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс хувийн нууцыг хуулиар зөвшөөрөгдсөн хүрээ хязгаарт задруулах боломжтой. 

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуульд үндсэн зорилгоо биелүүлэхээс хэтрэхгүй хэр хэмжээнд иргэний эрх, эрх чөлөөг хязгаарлаж болохоор заасан.

Харин халдвартай иргэний нэр, регистрийн дугаар, зураг нь хавьтлуудыг олж тогтооход төдийлөн шаардлагагүй мэдээлэл юм. Хүнлэг улс орнуудад халдвар тээгчийн мэдээллийг олон нийт, зарим албан үүрэгтэн, хавьтлын хүмүүсээс ч нууцлаж, зөвхөн тодорхой газар, тодорхой цагт байсан эрсдэлтэй хүмүүсийг илрүүлэх замаар хавьтлуудыг тогтоож байна. Халдвар авсан хүмүүсийн мэдээлэлтэй харилцах, хамгаалах, хадгалах нарийн тодорхой протоколыг мөрдөж ажиллаж байна.

Нөгөө талаас, хүний эрхийн зарчмууд бол төр, иргэний харилцааны харьцангуй ухаалаг, үр дүнтэй, алсын хараатай арга барил юм. Цар тахлын халдварыг зөвхөн төрийн бодлого, үйл ажиллагаагаар хязгаарлаж чадахгүй. Энэ бол төр, иргэн, нийт нийгмээрээ чармайж байж давах даваа. Хавьтлуудыг олж илрүүлэхэд халдвартай хүн, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа амин чухал. Хамтын ажиллагааны үндэс нь итгэлцэл, итгэлцлийн үндэс нь халдвар тээгчийн нууц, аюулгүй байдлыг хамгаалах юм.

Эдгээр зөвлөмжийг  уншиж танилцахыг хүсье.