НУР-СУЛТАН. /Kazinform/. Казах хэлийг латин үсэгт шилжүүлэх нь ухаалаг шинэчлэлийн гол үе шатуудын нэг болно гэж Казахстаны Ерөнхийлөгч  Касым-Жомарт Токаев мэдэгджээ.

“Цагаан толгойн сонголт бол зөвхөн бичих хэв загварын сонголт биш юм. Өнөөдөр Казахстан улс цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Хөрш орнууд мөн латин үсгийг сонгосон билээ. Дэлхийн мэдээллүүдийн 90 хувь нь латин үсгээр нийтлэгдэж байна. Хэн мэдээлэл эзэмшинэ тэнд шинжлэх ухаан технологи хөгждөг гэдэг нь нэгэнт тодорхой билээ” гэж тус улсын шинэ Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Олон нийтийн маш олон байгууллага, компаниуд латин үсэг ашиглаж байна гэж тэрбээр нэмж хэлжээ. Казахстаны Ерөнхийлөгчийн хэлснээр, латин үсэгт шилжих үйл явцыг тогтоосон хуваарийн дагуу үе шаттайгаар явуулна.

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев латин үсэгт тулгуурлан бүтээсэн казах хэлний шинэ цагаан толгойг өнгөрсөн оны хоёрдугаар сард баталжээ. Уг цагаан толгой 32 үсэгтэй бөгөөд эгшиг үсгийг орлох тэмдэггүй байна. Казахстаны эрх баригчид төрийн хэлийг 2025 гэхэд латин үсэгт бүрэн шилжүүлж дуусгахаар төлөвлөжээ.


 


Эх сурвалж: Монцамэ агентлаг