Уйлж байсан ч хүүхдээ урд суудалд хэзээ ч бүү суулга

Өнөөдөр Улаанбаатарын утаа, замын түгжрэл л гэж ярьдагаас биш жилд дайн тулаантай орнуудтай дүйхээр хүн амаа тэр дундаа бага насны хүүхдээ алддаг гэдгийг төдийлэн анзаардаггүй. 

Өнгөрсөн жилийн байдлаар зам тээврийн ослоор 55 хүүхэд нас баржээ. Үүнийг уншсан та анзаарах ч үгүй урсгаад л өнгөрөх байх. Гэтэл энэ тоо бараг хоёр анги хүүхэд эцэг эхийнхээ, өөр хэн нэгний буруугаас болж хорвоогоос буцсан гэдгийг харуулна.

Хоёр жилийн өмнө гэхэд зам тээврийн ослоос болж 4800 хүүхэд гэмтэж бэртжээ. Тухайн үед нас барсан хүүхдийн тоо 84 байсан юм. Хүүхэд амиа алдсан тохиолдлын ихэнх нь суудлын бүс болон хамгаалалтын суудал хэрэглээгүй  нь судалгаанаас харагдана. Энэ оны эхний 4 сарын байдлаар гэхэд 200 гаруй хүүхэд зам тээврийн осолд орж үүнээс 5 хүүхэд зам тээврийн ослоос болж амь насаа алджээ.

Цаашид нас барсан бяцхан үрсийнхээ статистик тоог гаргасаар байх уу. Эсвэл үүндээ дүгнэлт хийж цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ? 


Хүүхдийг төрөх эмнэлэгээс гаргахдаа л зориулалтын суудалд суулгадаг


Гадны орнуудын хувьд хүүхдээ машинд авч явахдаа  хамгаалалтын суудал, өндөрлөгч хэрэглэх нь хуульчлагдсан байдаг. Европт нярай хүүхдээ эмнэлэгээс гаргахдаа л машиныхаа арын суудал дээрх зориулалтын сандал дээр хэвтүүлдэг. Ээж нь тэврэхгүй бас урд суудал дээр суулгахгүй гэсэн үг. Хэрэв төрөхөөс гарахад эцэг эх нь машиндаа хамгаалалтын суудалгүй ирсэн бол эмнэлэгээс нь үр хэрэглүүлэхээр  суудлыг заавал өгнө.  Харахад хачин хүйтэн хөндий санагдах ч энэ бол хүүхдийнхээ төлөө хийж буй хамгийн эхний алхам юм. Хүүхэд болгон өөрийн суудалтай, нас насаар нь өөрчилж хэрэглэдэг. Харин манайд эсрэгээрээ. Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар хүн амын 10 гаруй хувь нь л зориулалтын суудал хэрэглэдэг гэж гарсан байна.

Хүүхдийн зориулалтын аюулгүйн суудал 0-3 нас, 4-12 насныханд зориулагдсан байдаг. Хэрэв 12-оос дээш настай бол суудлын даруулгаа хийж ёстой. Гэхдээ биеэр жижгэвтэр хүүхэдтэй бол зориулалтын бүс тохируулагч, өндөрсгөгчийг хэрэглэдэг юм байна. 

Гадуур зарагдаж байгаа хүүхдийн суудал 2 янз бий. Нэг нь гурав нөгөө нь 5 түгжээтэй байдаг.  Таван түгжээтэй суудлын давуу тал нь хүүхдийн мөр болон бүсэлхийгээр нь бүрэн хамгаалж чаддаг ажээ. 

0-3 насны хүүхдээ та зориулалтын суудал суулгасан бол заавал хойд талын сандал дээр хойшоо харуулан суулгаарай. Учир нь хойшоо харуулж суулгасан үед хүүхэд гэмтэх бэртэх эрсдлээс бараг 100 хувь сэргийлж чаддаг байна.


Зориулалтын суудал, бүс хэрэглээгүйн эхний золиос нь хүүхэд


Замын цагдаагийн газарт зориулалтын суудалд суулгаж, бүс зүүлгэхгүйгээс гадна хүүхдээ хажуудаа суулгадаг, тэвэрч жолоо барих тохиолдол ч цөөнгүй бүртгэгджээ. Харамсалтай нь үүнээс болж зам тээврийн осолд ороход хүүхэд хамгийн эхний хохирогч болдог. Тухайлбал өнгөрсөн жил Дарханы замд 2 хүүхэдтэй гэр бүл тэр чигээрээ амиа алдсан юм. Тухайн үед суудлын даруулга,  хүүхдийн зориулалтын сандал хэрэглээгүй байжээ. Урд суудал дээр ээждээ тэврүүлэн явж байсан хүүхдийн цогцос ослын дараа арын суудлын доороос гарч ирсэн гэдэг.  Өнгөрсөн жил наадмаар Төв аймгийн Аргалант суманд приус маркийн автомашин нь Ландкруйзер машинтай мөргөлдөж 7 хүний амь нас хохирсон билээ. Тэдний 4 том хүн, 3 хүүхэд байсан юм. Элэг эмтрэм үүн шиг түүх маш олон бий. 

Урд сандал дээр хүүхдээ тэвэрч яваа үед осол гарвал хамгийн түрүүн хүүхэд цонхоор шидэгддэг. Эсвэл тэвэрч яваа хүний жин 3 дахин жингээр дарж хавчиж гэмтээдэг. Өөрөөр хэлбэл та 50 кг жинтэй ч ослын үед хүүхдээ 300 кг жингээр дардаг гэсэн үг. Зарим эцэг эхчүүд ослын дэрэнд найдах нь бий. Гэвч энэ тийм ч итгэлтэй арга биш гэнэ. Учир нь хүчтэй даралттайгаар гарч ирэх ослын дэр хүүхдийн хүзүүнд хүнд гэмтэл учруулдаг байна. Хэн ч үр хүүхдээ гэмтээхийг хүсэхгүй. Эцэг эхчүүд жолоо барихдаа өөрсдийгөө ямар ч тохиолдолд хүүхдээ хамгаалж чадна, бага хурдтай явахад болно гэж эндүүрдэг. Гэтэл хэн нэгний хайхрамжгүй алдаанаас ямар ч эрсдэл хормын дотор үүсэх магадлалтайг мартаж болохгүйг Замын цагдаагийн газраас анхааруулсан юм. Яг үүнтэй холбоотой сонирхолтой судалгааг Австрали улсад хийсэн байдаг. Тэд замын осол гэмтлээс иргэдээ сэргийлэхийн тулд хүн ямар биетэй байх ёстой вэ гэсэн загвар гаргажээ. Бараг л робот мэт энэ загвар хүний бие гэгч ямар хэврэг болохыг, хэн ч авто машины ослоос гэмтэж бэртэхгүй өнгөрч чадахгүй гэдгийг сануулсан хэрэг.


Зуны сар эхэллээ, зугаалахаасаа өмнө хүүхдийнхээ зориулалтын суудлыг зэхээрэй


Зам тээврийн осолд амь насаа алдсан хүүхдийн тоо жилд 55-85 хооронд хэлбэлздэг. Үүний цаана бас нэг сэтгэл эмзэглүүлэм тоо бий. Осолд орсон 2000 гаруй хүүхдийн 1000-аад нь ч ямар нэгэн байдлаар гэмтэж бэртдэг ажээ. Энэ жил гэхэд 29 хүүхэд  зам тээврийн ослоос болж хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Үе тэнгийнхэнээсээ хоцорч, өсч дэвжих боломжоо алдаж буй хүүхдүүдийн асуудал бүрхэг хэвээрээ.

Статистик тоо харахад хүүхэд амь насаа алдсан тохиолдлуудын ихэнх нь 5-11 дүгээр сард гарсан байна. Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн хөдөөг зорихдоо хүүхдэдээ хамгаалалтын суудлаа зэхдэггүй нь үр хүүхдээ алдах аймшигт шалтгаан болсоор байгаа юм. Учир нь зам тээврийн ослын улмаас нас барсан тохиолдлын 65  хувь нь орон нутгийн замд болжээ. 

Зориулалтын суудалтай ч хүүхдээ уйлж байна гэсэн шалтгаанаар дэргэдээ авч явдаг эцэг эхчүүд бий. Хүүхэд эхний хэдэн удаа уйлах боловч 7-8 удаагийн дараа өөрсдийн тухлаг суудалдаа дасч эхэлдэг байна. Тиймээс тэднийг сууж суртал нь дуртай ном, тоглоомыг авч явах арга хэрэглэхийг зөвлөжээ.

Хүүхдээ хэзээ ч ийм хэлбэрээр тээвэрлэж болохгүй


Жич: Замын цагдаагийн газрын гэрэл зургаас ашиглав

Хүүхдийн машины суудал худалдан авахдаа дараах зүйлсийг анхаарах зүйлс

 

Хэрэглэж байсан хуучин суудал худалдан авах нь тийм ч сайн зүйл биш гэдгийг зөвлөх байна. Гэвч хэрвээ та хүүхэддээ хэрэглэж байсан суудал авах гэж байгаа бол энэ нь дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Суудлыг үйлдвэрлэсэн хугацаа, үйлдвэрлэгчийн нэр, хэрэглэх заавар зэрэг нь байгаа эсэхийг шалгах /зөвхөн үйлдвэрийн суудал аюулгүй байдал, эрсдэлийг  нарийн сайн тооцсон байдаг/.

  • 5-аас бага жилийн эдэлгээтэй байх /Хүүхдийн машины суудлыг 6-аас дээш жил хэрэглэдэггүй/

  • Эвдэрч, гэмтсэн хэсэггүй байх

  • Тухайн суудал нь урьд өмнө нь аваарт орж байсныг та мэдэх боломжгүй бол аваад хэрэггүй.

    Хүүхдийн нас, жингээс шалтгаалан дараах зориулалтын суудал, бүсийг хэрэглэнэ.
    • 9 кг хүртэл – Хүүхдийн зориулалтын хэвтээ суудал

    • 9-18 кг – Урагшаа болдог суудал

    • 14-26 кг - Мөрөвчтэй бүстэй суудал

    • 14-32 кг – Хүүхдийн бэхэлгээ

    • 32 кг-аас дээш – Насанд хүрэгчдийн аюулгүйн бүс

Холбоотой сэдвүүд

зам тээврийн осол хүүхэд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.