Манай гаригийн хамгийн хүчирхэг сансрын дуран Жэймс Вебб Сансрын Телескоп хөөрснөөс хойш яг 30 хоногийн дараа хүрэх газрынхаа 100 хувийг буюу 1,460,000 км газрыг туулж дэлхийн татах хүчний хязгаар Лагранж цэг L2-т өнөөдөр хүрсэн байна.
Сансрын Хаббл дуран авиагаас 100 дахин өндөр чадалтай Жэймс Вебб Сансрын Телескопыг зохион бүтээхэд сүүлийн 20 жилд нийт 10 тэрбум ам.доллар зарцуулжээ.

Вебб гэж юу вэ?

Одоогоор хүн төрөлхтний бүтээсэн инженерчлэлийн хамгийн аугаа бүтээл, хамгийн том, хамгийн сүүлийн үеийн телескоп. Хэмжээгээрээ теннисний талбай шиг хэмжээтэй суурин дээр бэхлэгдсэн гол дуран нь 6.5 м өндөртэй, зөгийн үүр шиг 6 талт хэлбэртэй, хэт улаан туяаг тусгахын тулд алтаар бүрсэн нийт 18 ширхэг тольтой. Нийт жин нь 6.2 тонн. -230 хэмийн хүйтэн орчин ажиллаж байгаа.
Хаббл дуран, Вебб дурангийн харьцааХаббл дуран хэт ягаан туяаг хүлээн авдаг байсан бол Вебб дуран хамгийн эртний гэж хэлж болох хэт улаан туяаг тусгаж авах чадалтай юм. Одон орон судлаачид өмнө нь харах боломжгүй байсан алс холын дүрсийг илүү тод харна гэсэн үг.
Вебб үнэхээр цаг хугацааг эргэж харах уу?

Бүх сансрын дуран авиа бол цаг хугацааны машинууд. Бидний харж байгаа одноос ирсэн гэрэл бол хэдийн хуучин гэрэл, бидэнд ирэхийн тулд маш хол замыг туулсан гэсэн үг. Тэр байтугай нарны гэрэл бидэнд 8 минут 20 секундээр хоцорч ирдэг. Шөнийн тэнгэр дэх хамгийн тод од Сириус гэхэд 8.6 гэрлийн жилийн цаана байгаа. Өөрөөр хэлбэл тус одны гэрэл бидэнд нүдэнд хүрэхийн тулд 300,000 км/с хурдтайгаар 8.6 жил явж байж ирсэн гэсэн үг.

Вебб дурангийн тусгаж авсан гэрэл бүр хуучин гэрэл гэсэн үг. Гэхдээ хэт улаан туяаг тусгаж авах чадалтай дурангийн ачаар хамгийн хуучин, хамгийн эртний туяаг буулгаж авна гэсэн үг.

Манай ертөнцийн хамгийн хөгшин гэж хэлж болох гэрлийн туяа бол 13.8 тэрбум жилийн өмнө Их тэсрэлтийн үед цацарсан, анхны од, галактикууд бий болж, ертөнц тэлэх үед сунасан хэт улаан туяа байдаг. Их тэсрэлтийн дараах 200 сая жилд бий болсон анхны од, галактикийг Вебб дуран авиагаар судлах боломжтой гэсэн үг.

Вебб хаана байгаа вэ?


Вебб телескоп хаана байгааг та бүхэн сансарын НАСА агентлагийн энэхүү хуудаснаас харж болно. Одоогоор Орионы бүслүүрийн зүүн талд, Monoceros одны ордны бүсэд байгаа. Энгийн нүдээр харагдахгүй бөгөөд галактикийн зургийг илүү тод авахын тулд нарны гэрлээс халхлагдах хэрэгтэй, тийм учраас үргэлж дэлхийн сүүдэртэй талд явна.