УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг хүргэсэн. Энэ үеэр аливаа бизнес, түүний дотор хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ нь "харилцан ашигтай байх" зарчмыг баримталж хийгддэг. Гэтэл  Оюу Толгойн гэрээний хэрэгжилтийн хувьд энэ зарчим алдагдаж өмчийн эзэн Монголын талд ашиг багатай, харин хөрөнгө оруулагч талд илүү өгөөжтэй байгаа нь анхаарах гол асуудлын нэг болж байна хэмээн ярьсан. 

Тэгвэл уг асуудал дээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

2039 оноос өмнө бид зээлсэн мөнгөө төлөөд ашгаа хүртэх ёстой. Гэтэл ашиг хүртэх нь битгий хэл ахиад нэг тэрбум долларын өрөнд орох юм шиг төлөвлөгөөг бидэнд танилцуулсан. Тэгэхээр бид энэ гэрээг эргэж харахаас өөр аргагүй болж байна. Анхнаасаа ТЭЗҮ-ээ бид буруу хийсэн нь тодорхой, төслийн ТЭЗҮ батлагдаагүй байхад Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан нь буруу болсон. Өчигдөр танилцуулсан яамныхан ч өөрсдөө анхнаасаа туршлагагүйтэж байгаад алдаа хийсэн гэдгээ хэлсэн. Аливаа хоёр тал хамтран ажиллаж байгаа бол гэрээ бүх зүйл тодорхой байх ёстой. Дубайн гэрээг бид ул суурьтайгаар эргэж харахгүй бол нэлээн их алдаа гаргачихаж. Энэ том гэрээнд гарын үсэг зурсан хүн нь хүртэл албан ёсны эрх аваагүй байсан. Ингээд харахаар мөн л хүчин төгөлдөр биш. Цаашдаа энэ чиглэлээр 2 ажлын хэсэг байгуулахаас аргагүй. Олон улсын шүүх дээр хэрэг заавал үүсэж таарна.