АНУ-ын Калифорни муж улсын Сан-Диего боомтоос “iPhone” гар утасны 5 мянга орчим ширхэг хуурамч эд ангийг тус улсын Хил, гаалийн хамгаалалтын газрын ажилтнууд хураасан байна.

Тэдний мэдээлснээр, бүх төрлийн “iPhone” гар утасны арын таг болонLCDдэлгэц байсан бөгөөд нийт 4820 эд анги байсан аж. Эдгээрийг жинхэнэ гар утасны үнэд шилжүүлж үзвэл 220 мянга гаруй ам.доллартай тэнцэх юм.

“Бидний эрхэм зорилгуудын нэг нь Америкийн хэрэглэгчид болон аж үйлдвэрүүдийг хуурамч бараа бүтээгдэхүүн болон хууль бус үйл ажиллагааны хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хамгаалах юм” гэж Сан-Диего боомтын удирдах албан тушаалтан мэдэгджээ.

Түүнчлэн ард иргэдийг хуурамч бараа бүтээгдэхүүн худалдан авахаас урьдчилан сэргийлэх кампанит ажлуудыг Хил, гаалийн хамгаалалтын газраас өрнүүлж байгаа юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua