“Pepsi” компанийн тэргүүн асан Индра Нуйи “Amazon” компанийн удирдах зөвлөлийн гишүүн болсон тухай “Amazon.com” цахим хуудас даваа гарагт мэдээлэв.

Ингэснээр И.Нуйи нь цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Amazon” компанийн удирдах зөвлөлийн гишүүнээр энэ сард томилогдсон хоёр дахь эмэгтэй болсон байна. Хоёрдугаар сарын эхээр “Starbucks” корпорацийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Розалинд Брюэр удирдах зөвлөлийн гишүүн болсон нь тус зөвлөлийн хоёр дахь өнгөт арьст эмэгтэй гишүүн болсон билээ.

“Amazon” компанийн удирдах зөвлөлийн 11 гишүүний тавыг эмэгтэй хүн бүрдүүлж байгаа юм. Өнгөрсөн онд тус компани нь удирдах зөвлөл дэх олон талт байдлыг хангах шинэ бодлого танилцуулсан бөгөөд үүний дагуу эмэгтэйчүүд, нийгмийн цөөнхийг удирдах зөвлөлд томилох болсон байна.

И.Нуйи нь өнгөрсөн оны 10 дугаар сард “Pepsi” компанийн тэргүүний суудлаас огцорчээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Reuters