П.Мөнгөнсор
08 сарын 21, 2024
“Pixar” анимэйшн студийн бүтээл “Inside Out 2” хүүхэлдэйн кино энэ оны зургаадугаар сард нээлтээ хийсэн билээ. Анхны ангиа цацсанаас хойш 9 жилийн дараа үзэгчдийн хүртээл болж буй уг бүтээлээс бид сэтгэл зүйн талаар шинжлэх ухааны үндэстэй олон ойлголтыг авч болох юм.
Рэйли охины дүрээр өсвөр насныхны сэтгэл зүйн төлөвийг харуулах уг бүтээлийн утга агуулга, зохиомж, дүрүүдийн мөн чанарыг тодотгохын тулд кино уран бүтээлчид Берклигийн ИС-ын профессор, доктор Дачер Келтнер болон сэтгэл зүйч Пол Экман, Лиза Дамур нартай хамтран ажиллажээ.
Доктор Дачер Келтнерийн тайлбарлаж буйгаар хүнд 20 гаруй төрлийн сэтгэл хөдлөл байдаг гэнэ. Тэр бүгдийг бүтээлд шингээх боломжгүй учир эхний ангид баяр баясал, уур уцаар, айдас, уйтгар гуниг, жигшил зэвүүцэл гэсэн үндсэн 5 сэтгэл хөдлөлийг дүрсэлжээ. Харин энэ удаад сэтгэлийн түгшүүр, атаархал, ичгүүр гэмшил, уйтгар гэсэн 4 дүрийг нэмсэн аж.
Тэгвэл эдгээр сэтгэл хөдлөлүүдийн харилцан яриа, үйл явдлаас бид сэтгэл зүйн талаар юуг суралцаж болох болох вэ? Хамтдаа сонирхоцгооё.
#Сайн, муу бүхий л сэтгэл хөдлөл өөрийн гэсэн үүрэгтэй
Баяр баясал биднийг жаргалтай болгож, амьдралын утга учир мэдрүүлдэг бол айдас тулаад ирсэн аюулаас хамгаалах үүрэгтэй байдаг. Сэтгэл түгшүүр ч мөн ялгаагүй ирээдүйд ирэх аюулаас биднийг урьдчилан хамгаалж буй хэрэг. Харин хүнд уйтгар төрж байна гэдэг өмнө нь хийж байсан зүйлүүдээсээ хөндийрч өөр зүйл оролдоод үзэх хэрэгтэйг сануулж буй хэрэг аж.
#Өөрийгөө хайрлаж сурах нь өөртөө өгч буй хамгийн том бэлэг
Өөрийгөө хайрладаг хүний сэтгэл зүй хүчирхэг байдаг. Сэтгэлийн хаттай хүн амьдралд учрах ямар ч хэцүү бэрхийг даваад гарна шүү дээ.
#Цаг үргэлж өөдрөг байна гэж байхгүй
Хүнд байдаг сэтгэл хөдлөл мэдрэмжүүд орчин нөхцөл, хүлээн авч буй мэдээллээс хамаарч ээлжилж байдаг тул цаг үргэлж баяр баясалтай байх ямар ч боломжгүй. Та хэдий хүсэхгүй байсан ч уурлах үедээ уурлаж, бухимдах үедээ бухимдах л болно.
#Алдаа оноо бүхэн амьдралыг баялаг болгодог
Алдаа гаргаж сэтгэлээр унах, гутрах, айж түгших гэдэг бол амьдралын л нэг хэсэг. Тиймээс ямар ч үед сэтгэл хөдлөлөө даралгүй, болж буй үйл явдлыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй.
#Шинэ туршлага бүхэн бидний сэтгэл зүйг хүчтэй болгодог
Шинэ хүмүүстэй уулзаж, өмнө нь хийж байгаагүй зүйлээ хийх нь хүнд өсөж хөгжих боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл тухтай бүсээсээ гарах хэрэгтэй гэсэн үг. Өөрийгөө ялахын хэрээр хүний сэтгэл зүй хүчирхэгждэг.
Эх сурвалж: Time.com, Tatlar Asia
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.