Л.Дэлгэрмаа
01 сарын 01, 2023
Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүд Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нар болон бусад ажлын албаны хүмүүсийн хамт Татварын ерөнхий газарт ажиллаа.
Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал Монголын Татварын албаны үйл ажиллагаа болон сүүлийн жилүүдэд хийгдсэн цахим шинэчлэл, цахим шилжилтийн үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Монголын татварын алба нь Төрийн байгууллагуудаас анх удаа 2013 онд Цахим тайлангийн системийг нэвтрүүлэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2020 оноос Татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлснээр 32 албаны сервер, систем, програм хангамжийг нэгтгэн, татварын албаны үйл ажиллагаа бодит цагийн горимд бүрэн шилжиж, татварын нэхэмжлэх суурьтай тайлагнал төлөлтийн системд шилжсэн байна.
Ингэсэнээр сүүлийн 3 жилд буюу ковид цар тахлын хүнд үед татвар төлөгчиддөө цахимаар үйлчилгээ үзүүлж ажилласны үр дүнд улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэн амжилттай ажилласан байна.
2022 оноос татварын албаны үүссэн мэдээллийн бааз дээрээ суурилан ИХ ӨГӨГДЛИЙН САН үүсгэн, тус бааз дээрээ суурилсан машинд таниулахуй технологийг үйл ажиллагаандаа ашигласнаар байцаагчаас хамааралтай үйл ажиллагаанаас үе шаттайгаар ангижирч байна. Татварын алба ийнхүү байцаагчийн субьектив хамаарлыг бууруулсанаар хуулийн тэгш шударга хэрэгжилт сайжрах, татварын тайланг татварын систем өөрт байгаа мэдээлэл дээрээ тулгуурлан боловсруулж татвар төлөгчдөд зөвлөгөө хэлбэрээр хүргүүлэх боломж бүрдсэн, татварын хураалтын зардал буурсан гэх мэт үр дүнгүүд гарч байгаа бол татвар төлөгч талдаа тайлагнал, татвар төлөлтийн зардал буурч үр ашигт системд шилжсэн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.