ИНФОГРАФИК: Ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээ соёрхон батлах тухай хууль

peak.mn
11 сарын 16, 2018

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа "Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ" соёрхон батлах тухай хуулийн инфографик болон танилцуулгыг толилуулж байна. 

ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ХОЁР ТАЛТ ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн "Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ"-г соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай гэрээ”-г 1993 онд тус тус байгуулсан байна. 

Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай гэрээгээр гэмт этгээдийг болон тухайн этгээдийн таслан шийдвэрлэх тогтоол гарсантай холбогдуулан түүнийг биелүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах бол Ялтан шилжүүлэх тухай гэрээгээр эх орондоо ял эдлэхийг хүссэн хоёр улсын иргэдийг шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ” байгуулах тухай Казахстаны талын саналыг Монголын тал дэмжин хоёр улсын холбогдох байгууллагын саналыг авч нэгтгэн гэрээний төслийг ажлын шугамаар тохиролцон, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар зөвшилцсөн байна. Улмаар талууд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод гарын үсэг зурсан.

Ялтан шилжүүлэх тухай гэрээ нь 21 зүйлтэй бөгөөд гэрээгээр түүнийг хэрэгжүүлэх төв байгууллага, ялтан шилжүүлэх болон шилжүүлэхээс татгалзах нөхцөл, хүсэлт гаргах журам, ялтныг шилжүүлэх, шийтгэл тогтоолыг гүйцэтгэх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулсан байна. 

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон баталснаар гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэж, эх орондоо ялаа эдлэхийг хүссэн хоёр улсын иргэдийг шилжүүлэх ажиллагааг цаг алдалгүй гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэнэ.



Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газар

Холбоотой сэдвүүд

хууль ялтан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.