Ой зүйч, МУИС-ийн докторант И.Доржтой Монгол улсад ойн тогтвортой менежмент хэрэгжүүлэх асуудлаар ярилцлаа. И.Дорж “Байгаль орчин, тогтвортой хөгжлийн санаачлага” ТББ-ын тэргүүн, “Ойн нөхөрлөлд түшиглэн Зүүн хангайн ойг хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь” төслийн зөвлөхөөр ажиллаж байна.

 -Монгол оронд экосистемийн доройтол хурдацтай явагдаж байгаагийн илрэл бол цөлжилт, газрын доройтол, ойн доройтол гэж ярих боллоо. Жил бүр ойн сангийн 5 хувь нь хуурайшил, түймэр, шавжийн хэт олшрол, хууль бус мод огтлол, мал бэлчээрэлт зэргээс доройтож байна гэсэн тоо баримт уншсан. Ийм үед ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх нь ойн доройтлоос гарах арга зам мөн үү? -Ойн тогвортой менежментийн гэж юуг хэлж байгааг тодруулна уу?

 - Маш зөв асуулт байна. Ойн тогтвортой менежмент гэж нийгэм, эдийн засаг байгаль орчин, ойн экосистемийн асуудлыг энэ тэнцүүхэн авч үзэж, ойн тогтвортой ашиглалтыг хэрэгжүүлдэг менежмент юм. 

1990-ээд оноос өмнө дэлхий нийтээрээ эрэлтэд суурилсан ойн менежментийг хэрэгжүүлж байсан. Өөрөөр хэлбэл, ойг модон материалаар хангагч, ойн дагалт баялаг болох самар жимс зэргээр хангагч гэж үздэг байсан. Энэ менежмент нь орон нутгийн иргэд болон бусад оролцогч талуудын оролцоог үл харгалзан, зөвхөн эрэлт байвал нийлүүлэлтийг хийдэг, ойн даацаас хэтрүүлсэн ашиглалт явуулдаг менежмент байсан. Их хэмжээний ойг хомсдол доройтолд хүргэсэн энэ менежментийн нөлөөгөөр байгалийн гамшгууд тохиолдох болсон. 

Одоо дэлхий даяараа ойг доройтуулахгүй байх нь уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах, зогсооход чухал ач холбогдолтой гэдгийг ойлгодог болсон. Мөн ой нь мөнгөөр илэрхийлэх боломжгүй асар үнэ цэнтэй үйлчилгээ болох цэвдэгийг тогтоон барих, ус хуримтлуулах, усны эргэлтийг зохицуулах, хүлэмжийн хийг шингээх, хүчилтөрөгч ялгаруулах зэрэг экосистемийн үйлчилгээг бидэнд өгдөг болохыг үнэлдэг болсон байна. 

Иймд энэхүү эрэлтэд суурилсан менежментийг халж тогтвортой менежментийг бий болгох чиглэлд ажиллаж байна. Ойн тогтвортой менежмент нь 1992 онд Рио-де-Жанейро хотод зохион байгуулагдсан НҮБ-ын Байгаль орчин ба Хөгжлийн дээд хэмжээний уулзалтын үеэр гол анхаарах сэдэв болж тэр цагаас хойш хэрэгжих болсон. 


-Ойн тогтвортой менежмент нь манай улсад хэр үр дүнтэй хэрэгжиж байгаа вэ?

- 2012 оны хуульд ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн заалтыг тусгаж хэрэгжүүлж байна. 

Тухайлбал, ойгоос мод бэлтгэхдээ хавтгайруулан огтлохыг хориглож, түүвэрлэн огтлолтоор мод бэлтгэх, ойн даацаас хэтрүүлэхгүйгээр ойн менежментийн төлөвлөгөөний дагуу ойн ашиглалтыг явуулах зэрэг болно. 

Эдгээр нь ойн тогтвортой менежментийн зарчим, үзэл баримтлалуудын нэг хэсэг юм. Иймд манай улсад ойн тогтвортой менежмент тодорхой ахицтай хэрэгжиж байгаа гэж үзэж болно.


-Сүүлийн үед нөхөрлөлүүд олноор байгуулагдаж байна. Ойн тогтвортой менежментэд нөхөрлөлүүдийн оролцоо, үүрэг нь хэр байдаг юм бол? 

- Нөхөрлөл гэдэг нь орон нутгийн иргэд ойгоо хамгаалах, нөхөн сэргээх, ойн экосистемийг хадгалах зорилгоор сайн дураараа нэгдсэн нутгийн иргэдийн бүлэг юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас гаргасан сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд 1212 ойн нөхөрлөл 3.7 сая ойг гэрээгээр эзэмшиж байна. Нөхөрлөлүүд ойг хамгаалах, нөхөн сэргээх, төлөв байдлыг сайжруулахад тодорхой хэмжээгээр оролцож байна. 

Сайн мэдээ гэвэл нөхөрлөл ойн санг эзэмшиж байгаа газар нутгуудад ойн түймэр, хууль бус мод бэлтгэл бараг гарахаа больж, ойн хөнөөлт шавж, өвчний голомтыг цаг алдалгүй илрүүлж чаддаг болсон байна. Иймд ойн нөхөрлөлүүд нь ойн тогтвортой менежментэд маш чухал үүргийг гүйцэтгэж байна. 

-Манай улсын хувьд нөхөрлөлүүд хууль ёсны дагуу, жам ёсны дагуу байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж чадаж байгаа юу. Зарим газар хотын хүмүүс ойн санг эзэмшиж байна гэсэн яриа байдаг?

-Улс орон бүрд нөхөрлөл өөрийн өөрийн онцлогтой байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Манай улсын хувьд ч гэсэн нөхөрлөлүүд аймаг, сум бүрд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эхэн үед хотын хүмүүс ямар нэгэн байдлаар ой санг гэрээгээр эзэмшээд авчихсан байх тохиолдол мэр сэр ажиглагддаг байсан. Одоо бол харьцангуй хууль дүрмээрээ нөхөрлөлүүд байгуулагдаж ойн санг гэрээгээр эзэмшиж байна. 


- Ер нь нөхөрлөлийн өнөөгийн байдал ямар байгаа вэ?

- Нөхөрлөлүүдийн өнөөгийн төлөв байдал харилцан адилгүй байна. Энэ тухайн аймаг сумын онцлог, эрхэлж байгаа үндсэн аж ахуй, амьжиргааны эх үүсвэр зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Зарим газар нутгуудад ойн нөхөрлөлүүд нэлээд идэвхтэй ажиллаж бараг мэргэжлийн байгууллагуудаас ч илүү үйл ажиллагаа явуулж байна. Зарим газар зөвхөн ойгоо харж, хамгаалах, эзэнтэй байлгах төдий ажиллаж байгаа ч энэ нь ойг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэлбэр юм. Өргөн уудам талбайтай манай орны хувьд ойн нөхөрлөлүүдийн оролцоог дэмжих замаар ойгоо хамгаалах нь оновчтой шийдлийн нэг яах аргагүй мөн. 

Өөрөөр хэлбэл, малчид эвлэлдэн нэгдээд үр хойч үедээ ойгоо унаган төрхөөр нь өвлүүлж үлдээх зорилго, сэтгэлээр ойгоо хамгаалаад явах нь нөхөрлөлийн хувьд үнэт зүйл юм. Хэрвээ өөрсдөө хүсвэл цаашид ойн цэвэрлэгээ, ойжуулалт, ойн судалгаа зэрэгт оролцоод идэвхтэй үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. 


-Ойн нөхөрлөл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулбал цаашид хөгжлийн ямар шатанд хүрэх вэ. Өөрөөр хэлбэл, нөхөрлөлийн карьер нь юу вэ? 

-Манай улсын хувьд нөхөрлөлүүд байгуулагдах, төлөвших үе шатаа өнгөрүүлсэн гэж үзэж байгаа. Одоо харин нөхөрлөлүүд цаашид хөгжих ёстой гэж би боддог. Харамсалтай нь нөхөрлөлүүд хөгжиж чадахгүй байна. Энэ олон шалтгаантай. Юуны өмнө ихэнх нөхөрлөлүүд ойгоос их хэмжээний ашиг хүртэнэ гэсэн хүлээлттэй байгуулагдсан байдаг. Гэтэл хүлээсэн хэмжээндээ хүрч ашиг олохгүй байна. Тийм учраас үйл ажиллагаа нь доголдох, идэвхгүй болох асуудал гарч байна. Анхнаасаа ойгоос ашиг олох сонирхолгүй зөвхөн ойгоо унаган төрхөөр нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой байгуулагдсан бол ашиг олохгүй байсан ч нөхөрлөлийн үйл ажиллагаа хэвийн явагдах ёстой. Нөхөрлөлүүд ойгоос их хэмжээний ашиг олоод байх боломж нь хязгаарлагдмал юм. 

Өнөөгийн нөхцөлд тэд малаа маллангаа, газар тариалангаа эрхлэнгээ ой модоо давхар хамгаалаад, хараад эзэн болоод явж байх нь хангалттай. Гэтэл хүмүүс нөхөрлөл мод тарих ёстой, хөгжих ёстой, ойн аж ахуйн арга хэмжээнд идэвхтэй оролцох ёстой гэсэн янз бүрийн хүлээлттэй байдаг. Заавал ингэх шаардлагагүй гэж би хувьдаа боддог. Гэхдээ нөхөрлөл идэвхтэй байгаад хөгжиж болно. Мөн ойг хамгаалж байгаа нөхөрлөлүүдийг улам чадавхжуулах, агро ойн аж ахуй эрхэлдэг болоход нь төрөөс эерэг хөшүүргүүд ашиглан туслах нь чухал байна. 

Нөхөрлөл цаашид хөгжөөд юу болох вэ гэхээр ойн мэргэжлийн байгууллагын түвшинд хүрнэ. Өөрөөр хэлбэл, үр хүүхдүүдээ ойн мэргэжилтэн болгож сургаад, үйл ажиллагаагаа өргөжүүлээд мэргэжлийн түвшинд явуулдаг болно. Энэ нь нөхөрлөлийн хөгжлийн хүрэх дээд шат гэж би харж байгаа. -

-Та одоо ажиллаж байгаа төслийнхөө талаар товчхон танилцуулаач?

-Би одоогоор Их Британийн байгаль орчны “Витлей сан”-гаас санхүүжин Зүүн өмнөд хангайд хэрэгжиж байгаа жижиг төсөл дээр ажиллаж байна. Энэ төсөл нь байгальд суурилсан шийдлээр дамжуулж уур амьсгалын өөрчлөлийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох зорилготой төсөл юм. 

Энэ зорилгод хүрэхийн тулд бид ойн нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад нь техникийн тусламж үзүүлэх, ойн байгалийн сэргэн ургалтад туслах ажлын арга зүй боловсруулах, агро ойн аж ахуйн загвар гаргах, нөхөрлөлүүдэд сургалт явуулж, чадавхжуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна. 

- Байгаль орчны “Витлей сан”-гийн сангаас хэрхэн санхүүжилт авах боломжтой вэ? 

-Байгаль орчны “Витлей сан” нь биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямралыг шийдвэрлэхэд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэхэд ихэвчлэн санхүүжилт олгодог. Эх орондоо ажиллаж буй байгаль хамгаалах чиглэлээр санал, санаачилга гаргаж, ажиллаж байгаа байгаль хамгааллын судлаачид, энэ чиглэлээр ажиллаж буй төрийн бус байгууллагад санхүүжилт олгодог тул энэ чиглэлээр ажилладаг хүн бүрд нээлттэй байдаг. Энэ сан нь сүүлийн 30 гаруй жилийн туршид 80 гаруй орны 200 гаруй байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж буй судлаачдад, байгаль хамгаалж буй төрийн бус байгууллагад санхүүжилт олгосон юм билээ. 

-Ойн нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө боловсруулж байгаа гэж ярьсан. Хэдэн нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөн дээр ажиллаж байгаа вэ? 

- Бид төслийн хүрээнд нийт 42 ойн нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг ойн нөхөрлөлүүдийн өөрсдийн оролцоог хангах замаар, тэдэндтэй хамтран боловсруулж өгч байгаа. Цаашид нөхөрлөлүүдэд ойн менежментийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах болно. Ярилцлага өгсөнд баярлалаа