Н.Жавхлан
12 сарын 12, 2024
Хиймэл оюун ухаан улам л боловсронгуй болж хөгжлийнхөө оргил үед хүрээд буй. Бидний өдөр тутамдаа ашигладаг аппликешн, төлбөр тооцооны шугам гээд бүхий л ухаалаг зүйлс хиймэл оюун ухааны хүчинд ажилладаг. Үүгээрээ энэхүү технологи нь хүмүүсийн амьдралыг хөнгөвчилж, цагийг хэмнэж байдаг. Гэсэн ч түүний учруулж болох олон эрсдэлүүдийг дурдахгүй өнгөрч болохгүй.
Одоогоор дэлхий даяар нийт 7000 гаруй дата төв байдаг. Тэдний эрчим хүчний хэрэглээг тооцоход Австрали эсвэл Итали улсын нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээтэй байдаг гэжээ.
Мөн хиймэл оюун ухааны хэрэглээ өсөх тусам л цахилгаан эрчим хүчний асуудал нэмэгдэнэ гэсэн үг юм. Үүний тухайд Олон Улсын Эрчим Хүчний Байгууллага (IEA) ChatGPT нэг хайлтад зарцуулагдах эрчим хүч нь Google хайлтаас 10 дахин их байна гэж мэдээлсэн байна.
Эрчим хүч ихээр зарцуулах нь нүүрсхүчлийн хийн ялгарлыг ихэсгэж, улмаар дэлхийн дулаарлын гол шалтгаан болох аюултай.
Харин үүнийг шийдэх арга зам бол тогтвортой хиймэл оюун ухааныг бий болгох юм. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж нүүрстөрөгчийн ул мөрийг багасгах нь чухал.
Тогтвортой хөгжил нь эх дэлхий, байгаль орчноо хамгаалах төдийгүй зарцуулж буй их зардлаа бууруулах, өдөр өдрөөр нэмэгдэж буй хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах ухаалаг алхам болох чадах аж.
Үүнээс гадна нэлээдгүй сөрөг талуудтай. Тэдгээрээс хамгийн том асуудлуудаас дурдвал:
#Ажилгүйдэл
Хиймэл оюун ухаан хөгжиж, зарим ажлын байрыг орлож чадахаар хэмжээний болж байгаа нь ажилгүйдлийн нэг шалтгаан болох юм. Шинжээчид 2030 он гэхэд нийт ажиллах хүчний 3-14% нь ажлаа сольж, шинэ ур чадвар эзэмших шаардлагатай болно гэж үзсэн байдаг. Түүнчлэн Олон Улсын Валютын Сангаас дэлхийн ажил эрхлэлтийн 40% нь хиймэл оюун ухаанаас болж тасалдах эрсдэлтэй хэмээн мэдээлжээ.
#Мэдээллийн ил тод байдал дутмаг
Бидэнд өгч буй мэдээлэл ямар эх сурвалжаас илэрч байгааг мэдэх аргагүй. Тиймээс хиймэл оюун ухааныг ашиглаж гаргасан мэдээлэл бүрийг үнэн гэж итгэж болохгүй юм.
#Нууцлалын асуудал
Энэ технологи үүсэж хөгжсөн цагаасаа эхлээд л өөртөө их хэмжээний хувийн мэдээллийг цуглуулсан. Тухайлбал, сүүлийн үед цахим орчинд өөрсдийн зургаа оруулж төрөл бүрийн дүрд хувиргах нь ихээхэн газар авсан. Энэ нь бид нууцлалаа алдаж байгаа л хэрэг юм.
#Хиймэл оюун ухаанаас хэт хамааралтай болох
Бидний ажлыг хөнгөвчлөх тусам үүнд хэт донтож, өөрсдийн бүтээлч байдлаа ашиглаж чадахгүй болоход хүргэж болох юм. Өнөө цагт хүн бүр л ChatGPT ашиглаж хүссэн зүйлийнхээ хариултыг авч, тэр ч байтугай хүнийг орлуулж харилцах тохиолдол ч нэлээдгүй байдаг. Харин үүний цаана ямар их хор уршиг нуугдаж байдгийг төдийлөн сайн мэддэггүй.
Энэхүү технологи нь дэлхий нийтэд олон салбарт хөгжил дэвшил авчраад байгаа хэдий ч байгаль орчин, нийгэм, эдийн засагт тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байна.
Хиймэл оюун ухааныг ашиглах нь зөвхөн технологийн салбарт л ашигтай байж болохгүй. Байгаль орчин, нийгэмдээ ч эерэг нөлөө үзүүлэхүйц үр дүн гаргах нь чухал хариуцлага гэдгийг санах хэрэгтэй.
Эх сурвалж: Forbes
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.