УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх юм.

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд санал хэлэх үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Би нэг зүйл тодруулъя. Намар ээлжит бус чуулган хийгээд Үндсэн хуулийн асуудлыг ард түмнээр хэлэлцүүлж, санал асуулга явуулна гэж тогтоол баталсан. Одоо гуравдугаар хэлэлцүүлэг ард түмний ямар нэг саналгүй шууд явах гэж байна. Үүнийг яаж зохицуулсан юм бэ. Өмнөх шийдвэрээ хүчингүй болгочихсон юм уу. Яагаад асуухгүй байгаа юм. Шалтгаанаа хэлээч" хэмээлээ.

Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар "Ц.Даваасүрэн гишүүн чуулгандаа оролцохгүй байгаа учраас үүнийг мэдээгүй байгаа юм байна. Ард нийтийн санал, асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, санал асуулга явуулах тогтоолийг хүчингүй болгосон. Хүчингүй болгосонтой холбоотойгоор Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг явуулах шийдвэрийг 85 дугаар тогтоолоор батлаж гаргасан. Улмаар гурван чуулган дараалан энэ асуудлыг хэлэлцээд явж байна. Тиймээс өмнөх чуулганы протоколыг аваад уншиж үзэх нь зүйтэй байх" хэмээлээ.