“Гүрж яагаад чадав” номын танилцуулга өдөрлөг зохион байгуулагдлаа

Peak.mn
02 сарын 10, 2023

Гүрж улсын шинэчлэлийн хүрээнд явуулсан бодлого, түүний үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн алхам, өрнөл, тулгарч байсан сорилт бэрхшээл, гарсан үр дүнг нэгтгэн өгүүлэх “Гүрж яагаад чадав” номын танилцуулга өдөрлөг МҮХАҮТ-ын Их танхимд боллоо. 

Оросын эдийн засагч, Эдийн засгийн шинжилгээний институтын ажилтан, Английн Economist сэтгүүл болон Forbes сэтгүүлд нийтлэлчээр ажиллаж байсан Лариса Бураковагийн бүтээл ийнхүү дахин уншигчдын хүртээл болж, өргөн олны сонорт хүрч байна. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингийн санаачилгаар орчуулагч Лувсангомбын Дандийн гэгээн дурсгалд зориулж, “Гүрж яагаад чадав” ном дахин шинээр мэндлэв.

Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ тус номын редактор хэмээх эрхэм үүргийг чадмаг гүйцэтгэжээ. “Гүрж яагаад чадав” номын талаарх ерөнхий танилцуулга илтгэлийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэлцүүлж, шинэчлэл хийхээс өмнө болон хийсний дараах нөхцөл байдал, хүрсэн үр дүнг сонирхуулсан юм. 

Тодруулбал, хувьчлал, төрийн алба, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт гарсан өөрчлөлтүүд, хүнд суртлыг арилгах, авлигын эсрэг шинэтгэл, эдгээрийн үр дүнд хэрхэн шинэ улс бүрдсэн талаар илтгэлдээ онцлов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Номыг өмнө нь 2013 онд анх орчуулж хэвлэж байсан. Энэ удаа дахин редакторлаж, хоёр дахь удаагаа хэвлээд  номын танилцуулгыг та бүхэнд хийж байна. Танилцуулж байгаа учир нь Монгол, Гүрж хоёр улс 1990 онд нийгмийн тогтолцоо, засаглалаа өөрчилсөн. Нэг гараанаас эхэлсэн. Гүрж өөрчлөлт, шинэчлэлтийг хийж чадсан бол Монгол Улс өнөөдөр үе үеийн төр засаг өөрчлөлт, шинэчлэлтийг хараахан хийж чадаагүй л байна. Тэгвэл Гүрж шинэчлэлийг яаж хийсэн тухай энэхүү ном бүхэлдээ өгүүлнэ" хэмээн тэмдэглэсэн юм. 

“Гүрж яагаад чадав” номын редактор, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч О.Мэдрээ чадамгай, авьяаслаг, туршлагатай орчуулагч Л.Дандий агсныг дурсан, энэхүү бүтээлийг олны хүртээл болгохоор зориг шулуудан түүнд анх хандсан, энэ удаа дахин редактор хийх болсон сэтгэгдлээ оролцогчдод хуваалцсан юм. 

Гүрж улс реформыг чөлөөт зах зээлийн эдийн засгийн онол, зарчмын дагуу хийжээ. Эрс шинэчлэл гэж тодотгож болохоор. Нийгмийн амьдралыг бүхэлд нь болон түүний зарим хэсгийг өөрчлөн байгуулах. Тухайлбал, улс төр, эдийн засаг, газар, татвар, боловсрол болон цэргийн салбарт эрс шинэчлэл хийхээр зорьсон байна. 

Жишээ авахад, Гүржид 2004 онд татварын 22 төрөл байсан бол 2008 онд энэ нь 6 төрөл болтлоо цөөрч, хувь хэмжээнүүд нь 33 хувиас 12 хувь хүртэл буурч, ердийн шатлалтай болсон байна. Гүржийн нэгдсэн төсвийн татварын орлого 2003 онд 469 сая ам.доллар байсан бол 2007 онд 2.2 тэрбум ам.долларт хүрч байжээ.

Холбоотой сэдвүүд

гүрж мүхаүт ном

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.