Миний амьдралдаа хийсэн шиг өөрчлөлтийг өнөөгийн нийгэмд олон хүн хийсэн байдаг. Тэр тусмаа сүүлийн үеийн залуучуудад миний түүх бол төдийлөн гайхшруулахуйц зүйл биш байх гэж бодож байна. Би хориод жилийн өмнө Улаанбаатарт шилжин ирж, нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатар таймс” сонинд нэг жил, Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт 13 жил ажиллажээ. Хамгийн сүүлд БНХАУ-ын төрийн мэдээллийн СИНЬХАУ агентлагт хоёр жил орчмын хугацаанд мэргэжилтнээр ажиллах боломж тохиосон юм.  Амьдралдаа хийсэн миний өөрчлөлтийн түүх товчдоо бол ийм. Гэлээ гэхдээ энэ удаа тэрхүү түүхийн задаргааг бус тэдгээр эргэлтийн үеүдэд зүүдэлсэн гурван зүүдний тухай өгүүлэх гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хүн өөрийн оюун ухаан, хүч чадал, хүсэл зорилгодоо ямар ч үед итгэж найдах ёстой ч тийм нэг эргэлтийн шинжтэй цаг үетэй нүүр туллаа гэхэд сайн муу аль нэг зөн совин, дотоод ертөнц, мэдрэмж сэрэхүйгээ гээхүйгээ сонсоход илүүдэхгүй юм болов уу гэх бодол үе үе төрдгөө нуух юун.

Одоогоос хориод жилийн өмнө юмдаг. Зун цаг. Улаанбаатарт шилжээд ирчихсэн, нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатар таймс” сонинд соёл урлагийн албанд сурвалжлагчаар ажилд ороод байв. Өглөө өмссөн даашинзтайгаа үдшийн гудамжаар тааваараа алхаж болдог говийн бүсгүйд хангай нутаг сэрүүддэг байсан цаг. Шинэ орчин, шинэ ажил, шинэ хамт олон, шинэ цаг уур гээд олон юманд дасан зохицох хэрэгтэй болов. Түүн дээр мөнгө санхүү, орон байрны асуудал ч намайг бас тойрсонгүй. Хүний ганц охин гэхэд гүжирмэг, баргийн зүйлд нялцайдаггүй зан маань тэр үед надад их тус болсон доо.  Дороо л орчин нөхцөлдөө дассан. Тэгээд ч бусадтай хэл амаа ололцох нь ганц надад бус олонх сэтгүүлчдэд цаанаасаа өгөгдсөн өгөгдөл байдаг болохоор ажил төрлийн тал дээр бэрхшээл гэхээр зүйлтэй таарсангүй.  Ямар ч хүн ер нь ажил төрлөө солих, орон байраа өөрчлөх, нүүдэл суудал хийх гэх мэт амьдралын өөрчлөлтийн үе дээрээ тодорхой хугацаанд шилжилтийн нэг үеийг туулдаг шиг байгаа юм. Би яг тэр үедээ явсан хүн шиг байгаа юм.

 

Эхний зүүд. Нэг шөнө ийн зүүдлэв. Сайншанд-Улаанбаатарын галт тэргээр зорчиж яваа шиг. Тасалгаат вагон тухалчихсан, санаж бодох зүйлгүй амар амгалан явах юм. Орчин тойронд олон юмс үзэгдэлгүй бөгөөд  манай суудалд нутгийн өвгөжөөр лам таарч суужээ. Би түүнд нийслэл рүү шилжиж байгаа, цаашид нөхцөл байдал хэрхэх тухайд асууж байх юм гэнэ. Өнөөх хувраг их л анхааралтай сонсож сууснаа, "Хэрэв чи одоогийн замаараа явбал тэмээний бөхнөөс дээгүүр явна, үүнээсээ буцвал тэмээний бөхнөөс доогуур явах юм байна" хэмээн төлөг буулгаж байна гэж зүүдлэв. Энэ зүүднээсээ би гэдэг хүн сэтгэл зүрхээ таллаж явснаа ойлгож, нэг хөлөө хуучин буйрнаасаа татан авч өмнөх амьдрал руугаа эргэлт буцалтгүй орсон юмдаг. Тэрхүү зүүднийхээ өмнө галт тэргэнд суух гэтэл амжсангүй, гүйсээр яваад хоцорчихлоо гэж хэд хэдэн удаа зүүдэлсэн хүн юм билээ. Тухайн үедээ би ер ойшоогоогүй ч энэ зүүднээсээ болж эргэж санасан юмдаг.

 

Хоёр дахь зүүд. Өмнөх зүүднээсээ хойш ийм тийм гэх тод санахуйц зүүд зүүдлээгүй ч юм уу, зүүдэлсэн ч тогтоож аваагүй юм уу их л урт хугацаа өнгөрч. Одоо өгүүлэх зүүдээ 2-3 жилийн өмнө зүүдэлж билээ. Тэр шөнө Дорноговийн Өргөн суманд байх ээжийнхээ дүү Ш.Төмөрбаатар ахынхаа хашаанаас гарч галт тэргэнд суухаар явж байх юм. Цаг тулгаж гарсан бололтой их л яарч явна. Харанхуй шөнөөр газар онож ядан хурдан хурдан алхаж явахад сул элс доош чангаагаад хүч алдуулаад санаан зоргоор хурдалж чадахгүй түүртэж явтал галт тэрэг өртөөн дээр ирж зогсов. “За ингээд өнгөрч. Суудлаасаа хоцорчихлоо” гэж бодтол хэн нэгэн хүн хажуугаас, “Чи яаралтгүй. Энэ галт тэргийг их чухал хүн хүлээлгэж байгаа. Тиймээс чи энэ галт тэргэнд амжиж суух болно” гэж хэлж байх юм гэнэ. Ачаа бараа гартаа барьчихсан ч юм уу их л түүртэж байж тэр галт тэргэнд “суусан” юмдаг. Энэ зүүдийг зүүдэлсэний дараахан надад урд хөршид ажиллах ажлын санал ирж, би их л зоримогхон “За” гэж хэлж билээ.


Гурав дахь зүүд. Ямарваа нэг өөрчлөлт хийхийн өмнө бодох хугацаа хэрэгтэй болдог. Намайг урд ажиллах хугацаанд манай гэр бүл Монголд үлдсэн байв. Тиймээс буцах тухай бодол надаас огт салаагүй, сэтгэл зүйн хувьд байнгын бэлтгэлтэй байсан гэхэд хилсдэхгүй. Бас бус шалтгаан ч байсан биз. Нэг шөнө ингэж зүүдлэв. Швед юм уу Швейцарийн өндөр уулын бэл дэх галт тэрэгний өртөөн дэх ресторанд сууж байх юм. Тэрхүү ресторан нь шалаасаа таазаа хүртэл шилэн цонхтой тул тэдгээр шовх оройт уулс дэргэд мэт ил харагдана. Тэр уулсын үзэсгэлэнтэйг яана. Цонхон талд суух зуураа байгалийн сайхныг толидон байтал үйлчлэгч залуу ирээд шуудхан л, -Та гурван аяга ногоон цай уух уу эсвэл гурван аяга кофе уух уу хэмээн санал болгов. Би хариуд нь, -Гурван аяга кофе авья гэлээ. Басхүү тэр кофеныхоо хоёр аягыг нэг дор ууж байна гэж зүүдлэв. Угаас би ногоон цай бага шиг, кофе ихээхэн шиг уудаг хүн. Миний зүүд дадалтай маань холбоотой ч байж мэдэх ч буцах цаг минь болсон юм байна. Гэр бүлээ сонгох нь хамгийн сайн сонголт юм байна хэмээн бодож эцсийн шийдвэрээ тун удалгүй гаргасан ч дахин ийш тийш явья гэсэн төлөвлөгөөгүй буцаж ирсэн билээ.

 

Саяхны нэг өдөр би бодож байлаа. Одооны хүмүүс яаж амьдраад байгаа юм бэ гэж. Дээхнэдээ монгол хүн ганц тойром бүрд, уул тал, бэлчээр нутгийг тойроод нэг насыг барж болдог байсан. Орчин цагийн хүмүүс нэг газарт тогтож амьдарна гэдэг боломжгүй зүйл шиг болжээ. Ялангуяа даяаршлалын нөлөөгөөр бидний хэн нэгэн дэлхийн бөөрөнд, олонхиороо огт мэдэхгүй улс оронд ч амьдрах болсон. Би ч мөн ялгаагүй хэзээ нэг өдөр аль нэг оронд амьдарч явахыг үгүйсгэхгүй. Хэрэвзээ хэзээ нэг өдөр зүүд зөнгийн галт тэрэг өндөр уулсыг сүлжэн, өргөн мөрнийг гаталсаар сэтгэл зүрхэн  дундуур минь довтолгож одвол хааш явна гэнэ, тэр зүгийн тасалбар авч чемодан саваа цэгцлэх ч бил үү, хэн мэдлээ. Амьдралд тааруулж зохисон жор гэж байх биш дээ.