Г.Сайнзаяа
11 сарын 24, 2018
Батга бол дэлхийн нийтийн асуудал. Америкт л гэхэд 40-50 сая хүн батганы асуудалтай гэх тус улсын Арьс өнгө судлалын академийн судалгаа бий. Олон хүнд хар, цагаан, үрэвсэлтэй батга өсвөр нас, бэлгийн бойжилтийн энгийн л нэг үзэгдэл байдаг. Гэвч өсвөр нас дууссан ч батга гараад салдаггүй хүн олон бөгөөд үүнийг гормоны өөрчлөлтөөс үүдэлтэй батга гэдэг.
Ерөнхийдөө батга гарах шалтгааны дийлэнх нь гормоны тэнцвэргүй байдал байдаг. Мэргэжлийн арьс өнгөний эмч, доктор Самер Жабер гормоны батга эмэгтэйчүүдэд илүү элбэг бөгөөд 20, 30, 40 бүр 50 насанд нь ч гардгийг хэллээ. Гормоны батга сарын тэмдгийн мөчлөг, эстрогены хэлбэлзэл, прогестерон зэргээс улбаатай. Прогестероны ялгарал гэхэд л сарын тэмдэг ирэхээс долоо хоногийн өмнө дээд хэмжээндээ хүрч, нүүрийн тослогтуулан батга гарахад хүргэдэг. Нүрний доод хэсэгт, шанаа, ам орчимд сар бүрийн тодорхой өдрүүдэд өвчтэй батга гарч байвал энэ нь прогестероноос улбаатай. Хэрэв та тослог арьстай, Т хэлбэрийн батгашилтай, хар, цагаан батгатай бол энэ гормонынх биш. Сонирхуулахад, гормоны батга гаргадаг бас нэг шалтгаан бол стресс.
Дэлгүүр, эмийн санд зардаг бүтээгдэхүүнүүд гормоны батгатай тэмцэхээр хүчтэй байдаггүй. Эдгээр нь гормоны тусгай эмчилгээтэй хавсарган хэрэглэж, үр дүнг нэмэгдүүлэх зорилготой. Гормоны хамгийн үр дүнтэй эмчилгээ бол хоолны дэглэмээ өөрчлөх, гаднаасаа эмчилгээний бүтээгдэхүүн, дотроосоо гормоны эм уух зэрэг юм.
Нэн түрүүнд элсэн чихэр, сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Хагас, бүтэн боловсруулсан хүнс, ундаа, жүүс тэргүүтэй нэмэгдэл чихэртэй, мөн байгалиас чихэртэй цагаан будаа, цагаан төмс зэрэг хүнс үүнд багтана. Дан ганц хоолны дэглэмээр гормоны батгыг эмчилж хүчрэхгүй ч үрэвсэлтэй батга хавьгүй дээрддэг баталгаа бий.
Ретинойд, антибиотик, салицилийн хүчил, бензоилын перекись, үрэвслийн эсрэг бүтээгдэхүүнээр гормоны батгыг гаднаас нь эмчилж болдог. Гэхдээ эмэгтэйчүүдэд гормоны эм уух нь илүү үр дүнтэй байдгийг судалгаагаар тогтоожээ. Ууж хэрэглэж болох хамгийн түгээмэл эм бол жирэмснээс хамгаалах эм. Энэ нь сарын тэмдгийг тогтворжуулж, батга арилгах үйлдэлтэй. Гэвч жирэмснээс хамгаалах эмний зарим төрөл (Mirena, Skyla тэргүүтэй IUDs, Nexplanon гэх мэт суулгац) нь прогестин ялгаруулдаг тул батгыг улам үрэвсүүлж, хүндрүүлдгийг мэдэх нь зүйтэй.
Бас нэг эмэн эмчилгээ бол спиронолактон гэх цусны даралтын эм. Үүнийг бага тунгаар хэрэглэвэл гормоны батга дээрдэж, арьсан дахь андроген гормоны хүлээн авагчийг хаадаг. Энгийнээр тайлбарлавал тестостероны батга гаргах үйлчилгээг хорьдог аж. Зарим эмэгтэйд энэ эмийг өдрийн 15 ширхэгийг ууж хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд үр дүн нь тун гайхалтай байдаг. Гэхдээ толгой эргэх, хөх өвдөх, сарын тэмдгийн хооронд үл ялиг цус гарах, ойр ойрхон бие засмаар санагдах гэх мэт сөрөг нөлөөтэйг мэдвэл зохино.
Хүнд хэлбэрийн гормоны батгашилтай хүнд А аминдэмийн дайвар бүтээгдэхүү болох изотретиноиныг курсээр ууж туршихыг зөвлөдөг. Үр дүн нь баталгаагүй болохоор зөвлөх хэмжээнд л бичиж өгдөг байна.
Гадна, дотроос нь тогтмол эмчилж, тариа, лазертай хослуулбал гормоны батгыг хянаж, эдгээх боломжтой. Гэвч батга болохоор таамаглахын аргагүй ирж, буцах тохиолдол олон бий.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [139.5.218.251] ・ 2020.05.03 Хариулах
Sn bnuu ene medeellliig ali emchees avsn bee