Г.Мөнхнасан: Сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэснээр урт хугацаандаа цахилгааны төлбөр төлөхгүй байх боломжтой

“Грийн Солар Энержи” компанийн сэргээгдэх эрчим хүчний инженер Г.Мөнхнасантай ярилцлаа.

Анхны өртөг өндөр ч явцдаа цахилгааны төлбөрөө
ТЭГЛЭХ хүртэл үр ашигтай

Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хэрэглээгээ шийдвэрлэх хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүд олширч байна. Эдгээр хүмүүс дан ганц цахилгаан хэрэгсэл гэлтгүй халаалт, халуун ус, дулааны хангамжийн асуудлаа шийдэхэд ашиглаж санхүүгийн хувьд хэмнэлт хийдэг. 

Сүүлийн үед эрчим хүчний тасалдал, тогтворгүй байдал, үнэ нэмэгдэх сургаар айл өрх, албан байгууллага манай компанид хандах нь нэмэгдэж байна. Өнгөрсөн жил хэсэгчилж тог таслан, арайхийж өвлийг давлаа шүү дээ. Орой ажлаа тарж гэртээ ирээд, амарч, хоол ундаа хийе гэхээр л тог байхгүй. Ганцхан цаг тоггүй болоход л байнгын цахилгаан, дулаантай тухтай орчинд дасчихсан хүмүүст чинь асуудал мундахгүй гарч ирнэ. Ажил амьдралаа гар утас, таблет зэрэг цахилгаан хэрэгслээр амжуулдаг болсон энэ үед эрчим хүчгүй л бол асар их хэмжээний бүтээмж, хөрөнгө мөнгөө салхинд хийсгэнэ гэсэн үг. Тиймдээ ч  эрчим хүчний бие даасан байдлыг чухалxилж, энэ салбарыг сонирхож, судалдаг хүн олон болж байна.

Сэргээгдэх эрчим хүчийг суурилуулах анхны өртөг өндөр байдаг ч урт хугацаандаа цахилгааны төлбөр огт төлөхгүй байх үр ашгийг хэрэглэгчдээ бий болгодог.

Одоогоор 26 өрх төвийн системд эрчим хүч нийлүүлж байна

Нарнаас үйлдвэрлэсэн цахилгаанаа өөрийн хэрэглээндээ ашиглаж, хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчээ түгээх сүлжээнд төлбөртэйгөөр нийлүүлдэг айл өрхүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Зарим тохиолдолд наргүй үед хэрэглэсэн цахилгааны төлбөрөөсөө хасуулан тооцуулж ч болно.

Өнөөдрийн байдлаар төвийн цахилгаан түгээх сүлжээнд эрчим хүч нийлүүлдэг 26 өрх бий.

Нарны систем нь ашиглахад хялбар, арчилгаа бага, хүний оролцоо бараг шаардлагагүй байдаг.  Тиймээс өдрийн хэрэглээ өндөр байдаг оффис, үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн цахилгаан хэрэглээг үр дүнтэйгээр хэмнэх шийдэл болдог. 


Нарны халаах систем нь хүйтний улиралд гарах нийт зардлыг 45 хүртэл хувиар, харин газрын гүний халаалтын систем нь дээрх зардлыг бодитоор 70-75 хүртэл хувиар хэмнэдэг. 

Сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлэхэд юуг анхаарах вэ?

Ямар ч систем суурилуулсан тооцоо судалгааг нарийн хийх хэрэгтэй. “Манайх 60 мкв байшинтай, үүндээ тохирсон нарны систем суурилуулъя” гэхээс илүүтэй эрчим хүчний зарцуулалт, цахилгаан хэрэгслийн тоо, хэрэглээндээ тохируулж сонголт хийх нь оновчтой.

Учир нь тооцоо судалгаагүй хандсаны улмаас системийн чадал хүрэхгүй, халаалтын хувьд барилга, байшинг халааж дийлэхгүй, амьдрах орчныг тав тухгүй болгох сул талтай. Мөн  цахилгаан эрчим хүчний хувьд ачааллаа даахгүй, тоног төхөөрөмж эвдрэх гэх мэт олон асуудал тулгарч иргэд болон байгууллагууд санхүүгийн хувьд хохирох эрсдэлтэй. 

Иймд сэргээгдэх эрчим хүчийг ашиглахаар төлөвлөж байгаа бол тооцоо, судалгаанд үндэслэн тоног төхөөрөмж сонгохоос гадна угсралт суурилуулалтыг мэргэжлийн байгууллагад хандаж хийлгэхийг зөвлөж байна. 

Олон төрлийн эх үүсвэртэй байх нь чухал


Манай байгууллагад холбогдож буй үйлчлүүлэгч нарыг ажиглаад байхад шуудхан л нарны эрчим хүчний үүсвэрээр 100 хувь цахилгаанаа шийдвэрлүүлэх сонирхолтой байдаг. Гэхдээ ганцхан эх үүсвэртэй байх нь эрчим хүчний бие даасан байдлыг алдагдуулах магадлалтай.  

Тиймээс бид илүү олон эх үүсвэртэй байхыг хэрэглэгчдэдээ санал болгодог. Төвийн эрчим хүчнээс гадна нар, салхи, агаарын дулаан насос гэх мэт. Хосолмол байдлаар шийдвэрлэх нь үр ашиг ихтэй, эрчим хүчний найдвартай байдлыг бий болгохын зэрэгцээ урт хугацаанд эдийн засгийн хэмнэлтийг бий болгоно.

Сэргээгдэх эрчим хүчний төсөл хүмүүст эрчим хүчээ хэмнэж, 
байгаль орчноо хамгаалах нь чухал гэдгийг ойлгуулж байна

Манай компани НҮБ-тай хамтран “Coal to zero” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд монгол гэртэй айл өрхөд жижиг нарны систем суурилуулах ажлыг хийж байгаа. 

Тухайн орчинд амьдардаг хүүхдүүд хүртэл нарнаас эрчим хүч гаргаж авч болдгийг мэдэж, тоног төхөөрөмжөө арчилж, зохистой хэрэглэн цахилгаанаа хэмнэх нь чухал гэдгийг ойлгож эхэлж байгаа нь төслийн хамгийн гоё зүйл. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний талаар иргэдэд мэдээлэл өгч байгаа нь давуу тал юм. 

Төслөөр дамжуулан айл өрхөд эрчим хүчээ хэмнэж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь чухал гэдгийг ойлгуулж байгаад баяртай байгаа. 

НҮҮРСНЭЭС ЭРЧИМ ХҮЧ ГАРГАЖ АВАХ НЬ ХЯМД БАЙЖ БОЛОХ Ч 
БИД ДЭЛХИЙГЭЭС ХОЦРОХ ЁСГҮЙ

Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийнхээ 90 гаруй хувийг нүүрсний буюу дулааны цахилгаан станцаас авдаг. Манай улсын хувьд нүүрнээс эрчим хүч гаргаж авах нь ашигтай бөгөөд хямд. Гэсэн ч улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар зорьж буй энэ үед бид хувийн ашиг сонирхлоо дээгүүрт тавих нь зохимжгүй юм. Тиймээс нүүрснээс эрчим хүчнийхээ дийлэнх хувийг гаргаж авдаг Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих нь нэн чухал гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байна.

Европын Холбоо гэхэд 2030 онд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг хамгийн багадаа 42.5 хувьд хүргэх зорилт тавиад байна.

Харин Монгол Улсын Засгийн газар “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-доо 2023 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд эзлэх хувийг 20 хувь хүртэл, 2030 он гэхэд 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт тавьсан. Харамсалтай нь 2024 оны байдлаар 20 хувьдаа ч хүрээгүй байна. 

Сэргээгдэх эрчим хүч гэхээр л "Эгийн голын усан цахилгаан станц" шиг том бүтээн байгуулалт хийх ёстой гэж боддог. Заавал өөрсдийн нөөц бололцооноос хэтэрсэн төсөл хэрэгжүүлэх гэж зүтгэх шаардлагагүй гэдгийг бодлого тодорхойлогчид ойлгох хэрэгтэй байна. Үүний оронд өрх бүр үйлдвэрлэгч болчихвол суурилагдсан хүчин чадлыг 30 хувь болгох зорилтдоо хүрэх боломжтой.

Нэг өрх гуравхан ширхэг нарны тольтой байхад л олон жижиг системүүд нийлээд нэг нарны цахилгаан станцын хэмжээнд хүрчихнэ шүү дээ. 



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.