МУИС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш, доктор Г.Эрдэнэ-Очир БНСУ-ын Сүнгшил ихсургуульд докторын зэрэг хамгаалж, Кёнгхи их сургуульд докторын дараах судлаачаар ажиллажээ. Тэнд суралцаж байхдаа алтны нано бөөмийг ашиглан хавдрыг анагаах шинэ төрлийн судалгаанд өөрийн хувь нэмрээ оруулсан залуу эрдэмтний нэг юм. Түүнтэй ярилцлаа.

-Хавдрын эмчилгээнд нано технологийг ашиглахын давуу тал юу вэ?

-Хавдар гэдэг нь тухайн эд эрхтэнд үүссэн өвчтэй эсүүд юм. Уушгины хорт хавдартай хүний уушгинд эрүүл ч эс байгаа хавдрын ч эс бий. Эмийн эмчилгээ хийхэд хавдарын эсүүдийг устгахаас гадна эрүүл эд эсүүдэд нөлөөлөх нь бий. Үүний жишээ нь химийн эмчилгээнд орсны дараа үс унадаг явдал. Нано технологийг хэрэглэхийн давуу тал нь хавдрын эсрэг эмийн молекулуудыг нано хэмжээстэй материал ашиглан эрүүл эд эсүүдийг гэмтээлгүйгээр зөвхөн хавдар бүхий хэсэг рүү хүргэх боломж олгодогт байгаа юм. Үүнийг шидэт сум /magic bullet/ гэж нэрлэдэг. Зарим нано материалууд гэрлийн энергийг дулааны энерги болгон хувиргах чадвартай. Ийм наног эмийг тээвэрлэгч болгон ашиглахаас гадна эс рүү орсны дараа гаднаас нь гэрлээр шардаг. Ингэж үүссэн дулаанаар хавдрын эсийг устгах боломжтой.

-Энэхүү шинэ нээлт анагаах ухаанд нэвтэрч, хавдрын эмчилгээнд хэрэглэж эхэлсэн үү?

-Одоогоор клиник эмчилгээнд өргөн дэлгэр нэвтрээгүй ч 2013 оноос Америкт нано материалыг хавдрын эмчилгээ, оношилгоонд хэрэглэх туршилтыг хүн дээр хийж эхэлсэн. Суурь судалгааны түвшинд хулгана, туулай зэрэг амьтад дээр амжилттай хийсэн туршилт олон бий. Бидний судалгааны зарим хэсэг ч мөн хулгана дээр хийгдсэн. Мэдээж шууд амьтан дээр туршаад эхлэхгүй л дээ. Эсийн түвшинд судалгаа амжилттай болвол дараагийн шатанд амьтан дээр туршиж үздэг. Амьтан дээр хийсэн туршилт үр дүнтэй байвал энэ нь цаашид эмчилгээнд хэрэглэх боломж байгааг харуулж байгаа хэрэг юм. 


-Та ямар судалгаан дээр ажилласнаа манай уншигчдад сонирхуулаач?

-Эм гэдэг молекулууд шүү дээ. Хавдрын эсрэг эмнүүд эсийг үхэлд хүргэх өөр өөрийн арга барилтай гэсэн үг. Хэдийгээр алтны нано бөөмийг бид эмийн молекулыг хавдрын эс рүү хүргэх тээвэрлэгч болгон ашигласан ч эс рүү орсны дараа эмийн молекулууд нано бөөмөөс буцаад салж байх ёстой. Ингэснээр эмийн молекулууд хавдрын эсийг үхүүлэх үйл ажиллагаандаа орно. Бидний судалгааны гол зорилго хавдрын эс дотор эмийн молекулууд алтны нано бөөмөөс салах үйл явцыг Раман спектрометр гэдэг багажийг ашиглан бодит хугацаанд хянах аргыг боловсруулах байсан. Эмийн молекулыг алтны нано бөөм ашиглан хавдрын эс рүү оруулна гэсэн үг. 

-Заавал яагаад алтны нано бөөмийг сонгосон юм бол?

-Бид нано материалыг клиник эмчилгээнд хэрэглэхээр боллоо гэж төсөөлье. Бидний эмийн молекулыг тээвэрлэгч болгон ашиглаж байгаа алтны нано бөөм хавдрын хүний биеэс гадагшлах хавдрын эс устах хүртэл байдаг. Ийм учраас бид хүний биед хамгийн хоруу чанар багатай нано материалыг хэрэглэх ёстой. Тэр нь одоогоор алт. Алтны нано бөөм нь амьд организмд хамгийн хор багатай нано материалуудын нэг юм. 

-Нано хэлбэрт орсны дараа алт ямар болдог вэ?

-Нано бол микрогийн дараагийн хэмжигдэхүүн. Нанометр гэдэг нь нэг метрийг тэрбумд хуваасантай тэнцүү хэмжээс юм. Бидний хэрэглэдэг алтан эдлэл нано хэлбэрт оруулсны дараа физик, химийн шинж чанар нь маш өөр болчихдог. Жишээ нь, алтыг усанд хэчнээн хутгаад ч уусгаж чадахгүй. Харин нано хэмжээст алтны бөөм нь гүн улаан өнгөтэй усан уусмал болдог. Энэ шилтэй зүйлс бол нано хэмжээст алт, мөнгө хоёр байгаа юм. Гүн улаан өнгөтэй нь алт, цайвар шаргал өнгөтэй нь мөнгө. 30 орчим нанометр диаметртэй. Алтыг 2-5 нанометр болтол жижигрүүлбэл гэрэл цацруулдаг. Ингэж шинж чанараа өөрчилдөгт нано технологийн ид шид нь оршиж байгаа юм. Энэ алтны нано хэлбэрийн бөөм дээр эмийн молекулыг нааж өгч байгаа хэрэг. Эмийн молекулаас гадна зөвхөн хавдрын эсийг олж очиход зориулсан эсрэг биеийг нано бөөмтэй холбож өгч болно. 

-Энгийн үгээр тайлбарлавал?

-Хорт хавдрын эс, эрүүл эс хоёр нэг газар байгаа хэдий ч эдгээр эсүүд өөр өөр шинж төрхтэй. Тэгэхээр өвчилсөн газар хүргэхийн тулд зөвхөн хорт хавдрын эсийн гадарга дээр наалддаг молекулыг эмийн молекултай холбож нааж өгдөг. Гэхдээ эмийн молекулын шинж чанарыг алдагдуулахгүйгээр таргет хийх молекул холбоход төвөгтэй. Харин нано материалыг ашигласнаар энэ аргыг илүү үр дүнтэйгээр, хялбар хэрэглэх боломжтой юм. 

-Нано бөөмийг хэрэглэх нь энгийн эмнээс хурдан үйлчлэх нь ээ?

-Алтны нано бөөм дангаараа хүний биед хоргүй гэдгийг дээр хэлсэн. Алтны нано бөөмийг ашигласнаар хорт хавдрын эмчилгээнд хэрэглэдэг эмийн молекулыг хавдрын эс рүү илүү үр дүнтэйгээр хүргэж байгаа хэрэг юм. Алтны нано бөөм бол эмийн молекулыг зөвхөн хавдрын эс рүү аваачих нэг ёсны тээвэрлэгч юм. Өөрөөр хэлбэл дангаар нь арван эм уулаа гэхэд нэг нь л хорт хавдартай эс дээр хүрч үйлчлэх бол алтны нано бөөмийг ашигласнаар уусан бүх эм тэр өвчтэй эс дээр очно гэсэн үг. Үүнийгээ дагаад эмчилгээний үр дүн сайжирч, эдгэрэх хугацааг багасгах боломжтой юм. 

-Солонгосчууд энэ төрлийн судалгаан дээр хэр их хандуулдаг вэ?

-1980-аад оноос эхлэн Солонгост хорт хавдараар өвчлөгсдийн тоо нэмэгдсээр ирсэн байдаг. Тухайн үед хорт хавдраар нас барагсдын тоо цөөн байсан бол 2010 онд Солонгосын Ёнхап агентлагийн хийсэн судалгаагаар хорт хавдар нь нас баралтын нэгдүгээр шалтгаан болсон байсан. Гэхдээ зөвхөн Солонгост ийм асуудал байгаа хэрэг биш. Жишээ нь АНУ хорт хавдараар нас барагсдын тоогоор  хоёрдугаар байрт явж байна. Иймээс хорт хавдар глобал асуудал болчихсон учраас өндөр хөгжсөн орнууд бүгд үүнд анхаарал хандуулж байна. Солонгост энэ төрлийн судалгаанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж судлаач, эрдэмтдийг дэмждэг болохыг мэдэрсэн. Судалгаа нь өөрөө өртөг, зардал өндөртэй учир их хэмжээний төсөв мөнгө байж л иймэрхүү төслийн ард гардаг. Мөн дан ганц мэргэжлийн судлаач ганцаараа ийм судалгааг хийгээд явах боломжгүй. Тухайлбал миний ажиллаж байсан судалгаан дээр гурван их сургуулийн биологич, химич, экологич, физикч гэсэн төрөл бүрийн мэргэжлийн хориод судлаач эрдэмтэд хамтран ажиллаж байлаа. 

-Судалгаандаа хэрэглэх хавдрын эсийг өөрөө арчилж торддог байв уу?

-Тийм ээ. Хавдрын эсийг үхүүлэхгүйн тулд туршилт хийхгүй өдөр ч байнга арчилах хэрэгтэй. Энгийн эсийг бодвол хавдрын эс маш хурдан ургаж төлждөг. Би чинь физикч шүү дээ. Ийм зүйлээс маш хол гэсэн үг. Анх сурахад мэдээж хэцүү байсан. Сүүлд нь сурч энэ бүхнийг өөрөө л хийдэг болсон.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Миний хувьд бакалавр, магистрын зэрэгээ физикч мэргэжлээр, докторын зэрэгээ физик-химийн чиглэлээр хамгаалсан. 


- Эрдэмтэн судлаачдын ажлын үр дүн, үнэлгээ нь юу байдаг вэ?

-Судлаачдын зорилго бол суурь судалгааны түвшинд ийм боломж байна гэдгийг судалгааны үр дүнгээрээ харуулах, үүнийгээ олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж, баталгаажуулах юм. Судалгаагаа хэвлүүлчихвэл үндсэндээ судлаачийн хувьд ажлаа хийчихлээ гэсэн үг. Одоогоор миний нэр орсон 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн байна.

-Монголдоо энэ төрлийн судалгаагаа үргэлжлүүлж байгаа юу, мэргэжлийн байгууллагад хандаж үзэв үү?

-Судалгааны ажлаа Монголд үргэлжүүлэн хийхгүй байгаа. Энэ төрлийн судалгаа асар их хэмжээний өртөг шаарддаг онцлогтой. Зөвхөн хавдрын эсийг үржүүлж арчилахад л их хэмжээний мөнгө байнга урсч байдаг. Нөгөө талаар өндөр хүчин чадалтай сүүлийн үеийн тоног төхөөрөмж хэрэг болно. Дээр нь нэмээд судалгааны баг, мэргэжилтэн. Гадаадад энэ чиглэлийн судалгаа хийж, сурч эзэмшсэн олон монгол залуучууд байдаг. Тиймээс судалгааны багийг бүрдүүлэх мэргэжилтнүүд аль хэдийнэ бий болсон гэж бодож байна. 

-Өөрт чинь хүчин чадалтай технологи, лаборторийн боломж гарвал судалгаагаа үргэлжлүүлэх үү?

-Ийм бодол байлгүй яахав. Залуу хүний хувьд олон жилийн турш хийсэн судалгааны ажлаа үргэлжлүүлэхийг хүсдэг.

-Нано технологи бидний амьдралд хэр орж ирж байна гэж хардаг вэ?

-Нано технологи хүмүүсийн амьдралд худацтайгаар нэвтэрч байна. Хэрэв та OLED эсвэл AMOLED дэлгэц бүхий зурагт юмуу гар утас хэрэглэдэг бол та аль хэдийнэ нано технологийн хэрэглэгч болжээ гэсэн үг. Үнэндээ нано технологи өнөөдөр л дөнгөж бидний амьдралд нэвтэрч байгаа хэрэг биш юм. Хүн төрөлхтөн эрт дээр үед ч үүнийг хэрэглэж байжээ. Жишээлбэл христийн сүмийн цонх өнгө өнгийн гоёмсог шилнээс бүтсэн дүрс хээтэй байдгийг бид мэднэ. Үүний улаан өнгийн шилийг хийхэд алтны нано бөөмийг ашигладаг байсныг нь судалгаагаар тогтоосон. Хэдэн зуун жилийн өмнө шүү дээ. Дэлхийд алдартай Дамаскийн ган илдийг судалж гадаргыг нь микроскопоор томруулан харахаднано хэмжээстэй нүүрс төрөгчийн гуурсан хоолойнууд байгаа нь тогтоогдсон. Хүн төрөлхтөн нано технологийг аль хэдийнэ нээчихсэн байсан хэрэг. Харин нано хэмжээст эдгээр материалуудыг харах боломж олгодог электрон микроскопуудыг л бид өнөөдөр бий болгосон байна. 

-Одоо ямар төсөл дээр ажиллаж байна вэ?

-Одоогоор МУИС-ийн химийн тэнхмийн болон Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн багш, судлаач нартай хамтран метал оксид нано бөөмийг ашиглан хаягдал усан дахь хортой органик нэгдлүүдийг хоргүйжүүлэх, хүний биед сөрөг нөлөөгүй болгох судалгаан дээр ажиллаж байна. Азийн судалгааны төвөөс санхүүжилт авсан энэхүү төсөл маань өнгөрсөн хавраас эхэлсэн.Одоогоор бид нано материалаа гаргаж авах, синтезлэх судалгаан дээрээ төвлөрөн ажиллаж байна.