HBO-ийн Game of Thrones цувралын нэг, хоёрдугаар бүлгийн зураг авалтын дунд жүжигчин бүсгүй амь насанд аюултай тархины цус харвалтаас болж ихээхэн зүдэрсэн билээ.

Эмилия өвчнийхөө тухай олон жил чимээгүй явсны эцэст The New Yorker-т зориулж бичсэн эссэндээ өөрийнхөө өнцгөөс болсон бүх явдлыг тайлбарласан. Тэрбээр хувийн дасгалжуулагчтай биеийн тамирын бэлтгэл хийж байхдаа Субарахноидальное Кровоизлияние гэх тархины ховор төрлийн цус харвалт үүсэж амь насанд нь аюул заналхийлжээ. Планк хийх байрлал авахад резинэн утас тархийг нь базаад авах шиг л мэдрэмж төрсөн аж. Гэсэн ч үл тоож дасгалаа үргэлжлүүлтэл тэсэхийн аргагүй өвдөж, хувцас солих өрөө лүүгээ мөлхөж очиход хоромхон зуур бие нь улам дордсон аж. 

Тухайн үедээ мэс засалд орж хэсэг хугацаанд ой санамжаа бүр мөсөн шахам алдаж, айдас стресстэй, сульдаатай болсон аж. Тухайн үед бүх юм сайхан болно, эргээд хэвийн болно гэж өөрийгөө ятгаж байсан ч хүндхэн өдрүүд цөөхөн байгаагүй юм. 

Эмилия сэхээнд дөрвөн өдөр байсны дараа гурван цаг үргэлжилсэн тархины мэс засалд орсон. Хагалгаа бүрэн амжилттай болоогүй тул нэрээ ч санахгүй өдрүүдийг өнгөрөөсөн. “Зарим өдөр зүгээр л “залгуурыг нь салгачихмаар” байдаг байсан. Эмчээс намайг зүгээр алаад өгөөч гэж гуйна. Миний ажил, мөрөөдөл ярьж чадахгүй, харилцаж чадахгүй бол зүгээр л замхарна. Би ч би байхаа больно. Долоо хоног эрчимт эмчилгээнд хамрагдсаны дараа афази буюу ярих чадвараа алдах өвчин арилж ярьж эхэлсэн”

Одоо тэрбээр Royal College of Nursing Foundation байгууллагатай хамтарч SameYou нэртэй хандивын хөтөлбөр эхлүүлж цус харвалтын талаар мэдлэг мэдээлэл түгээхээр ажиллаж буй. “Миний амссан бүхнийг туулсан залуу хүнд тусалбал тэдний сэтгэл бага ч болов хөнгөрнө гэж бодож байна” хэмээн жүжигчин бүсгүй ярилаа. 

Түүний зорилго өвчнөө даван туулахаар хичээж байгаа хүүхэд, залуучуудад ганцаараа биш гэдгийг ойлгуулах аж. Дөнгөж 20, 30 насандаа эмнэлгийн орон дээр хэдэн сар, жилээр хэвтэнэ гэдэг бодол сэтгэл санааг их хямраадаг. Ингэж сэтгэлээр унах нь эдгэрэх үйл явцад эргээд муугаар нөлөөлдгийг Эмилия ярьсан.