Гадаадад жижиг, дунд бизнест ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

Б.Одсүрэн
10 сарын 28, 2018

Ихэнх өндөр хөгжилтэй орнуудад жижиг, дунд бизнесүүдэд улсаас нь маш их анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлдэг.Үүнд гайхах зүйл алга. Учир нь АНУ-д л гэхэд ДНБ-ийн 60%-ийг жижиг, дунд бизнес бүрдүүлж байдаг.


Ази 

Сингапур бол амьдралын төвшин хамгийн өндөр улсуудын нэгд багтдаг өндөр хөгжилтэй орон. Сингапурт жижиг, дунд бизнес эрхлэгчдэд улсаас маш их дэмжлэг үзүүлдэг аж. Иргэдэд хувийн бизнес эхлүүлэх хүсэл байхад л улс нь бусад асуудал дээр тусална. 

Хэд хэдэн чиглэлээр дэмжлэг үзүүлдэг. Эхнийх нь, улсаас компанид хувь эзэмших нөхцөлтэйгөөр санхүүжилт олгодог. Компанийнхаа тодорхой хувийг зарж 1,5 сая доллар хүртэлх санхүүжилт авах боломжтой. Хоёр дахь нь - буцалтгүй тусламж. Улсаас 100 мянган доллар хүртэлх мөнгөн тусламж олгоно эсвэл 1 жилийн туршид жижиг бизнес эрхлэгчийн 5 ажилтны цалингийн 50%-ийг олгоно. 

Мөн Сингапур улс татварын хялбар тогтолцоогоороо алдартай. Гарааны бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлдэг бөгөөд старт-апууд эхний 3 жилийн туршид татвараас чөлөөлөгдөх боломжтой аж. 

Япон улс мөн адил жижиг бизнесийг идэвхтэй дэмжих бодлого баримталдаг. Энд хүний нөөцийг бэлдэх тал дээр онцгой анхаардаг байна. Тухайлбал, жижиг бизнес эрхлэгч ажилчдынхаа ур чадвар, мэргэшил дээшлүүлэх сургалтад зориулж мөнгө зарцуулсан бол улсаас зардлынх нь 2/3-ыг олгодог гэнэ. 


Европ 

Герман бол жижиг бизнес цэцэглэдэг улс. Жижиг, дунд бизнес эндэхийн бизнесийн 99%-ийг эзэлдэг. Бизнес эхлүүлэх анхны алхамуудаас эхлэн улсаас идэвхтэй дэмжлэг үзүүлдэг. Төрийн албаныхан бизнес эрхлэгчдэд бүх төрлийн асуудлаар зөвлөгөө өгч, маркетингийн судалгаа хийж, зах зээлийн мэдээлэл цуглуулж өгдөг. 

Мөн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой. Эхний 3 жил хүү төлөхгүй, дараагийн жилүүдэд хүүгийн хэмжээ аажмаар өсөж жилийн 2-5% болдог аж. Бизнесийн зээлийг 20 жил хүртэлх хугацаагаар олгодог байна. 


АНУ 

Америк улсад жижиг компаниуд 2 дахин бага татвар төлдөг. Төрөөс улсын захиалгын ¼-ийг жижиг бизнесүүдэд олгохыг зорьдог аж. Мөн улсаас баталгаа гаргаж өгнө. Хэрэв жижиг бизнес эрхлэгч авсан зээлээ төлж чадахгүйд хүрвэл улсаас зээлийн 75-80%-ийг төлж өгдөг байна. Ийм баталгаа байхад банкууд жижиг бизнесүүдэд зээл олгохоос татгалздаггүй, харин ч эсрэгээрээ хамгийн хөнгөлөлттэй, ашигтай зээлийг санал болгодог. 


Холбоотой сэдвүүд

бизнес зөвлөгөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.