Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо

Монгол УлсынЕрөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан “Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо.

Уралдаанд мэргэжлийн болон сонирхогчид 200 гаруй бүтээлээ ирүүлснээс :

1 дүгээр байрт  С.Чинбатын “Гамшиг гадаа ирээд байна”

2 дугаар байрт   Э.Мөнхчулууны   “Газрын хилэн”

3 дугаар байрт   П.Отгонбаатарын   “Цөлд алхаж буй эмэгтэй”

Тусгай байрт:  Х.Түшигийн ”Салаа зам”,

Д.Баттулгын “Өвс” гэрэл зураг шалгарсан байна.

Тэргүүн байрын эзэн дөрвөн сая төгрөг, хоёрдугаар байр гурав, гуравдугаар байр хоёр сая, тусгай байр тус бүр 500 мянган төгрөгийн шагнал гардаж авчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлээд байна.

Энэ хүрээнд цөлжилтийн өнөөгийн байдал, түүний хор уршиг нь иргэдийн амьдрал, ургамал, ан амьтанд хэрхэн нөлөөлж байгааг харуулах зорилгоор “Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдааныг 2021 оны 10 дугаар сарын 06-15-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.

Манай улсад дэлхийн дулаарал хэрхэн нөлөөлж байна вэ. Энэ талаар доктор, профессор Ц.Адъяасүрэн:

“2100 онд монголчууд Богд уулаа модтой нь харж чадахгүй байх ч эрсдэл бий.” гэлээ. Дэлхийн дулаарал монголд нэлээд эрчимтэй нөлөөлж байгаа аж. Олон жилийн дунджаар манай улсад  3 жилдээ нэг удаа ган тохиодог.  Харин сүүлийн жилүүдэд  ган, зудын давтамж нэмэгдсээр байна. Үүнийг дагаж ургацын хэмжээ эрс буурдаг.  Хэрэв энэ маягаар үргэлжилбэл хүнсний хомсдолд орох аюул ойрхон гэж судлаач онцолж байна. Тандан судлалын зургаас үзэхэд Монголын нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн гэнэ. Хэрэв энэ маягаар байвал говийн бүсийн  хэмжээ хойш тэлж  2100 он гэхэд Богд ууланд хүрэх тооцоолол гаргажээ" хэмээн ярьсан байдаг.