Дэлхийн хамгийн амар тайван, аз жаргалтай улсаар Финланд нэрлэгддэг билээ. Энэ улсад чанартай боловсрол, амьдралын баталгаа, хүний эрхийг дээдэлдэг нийгэм гээд бусдын урд алхаж буй олон жишиг байна.  

Тэдгээрээс хамгийн чухал нь ард иргэдийнх нь амьдралын сэтгэл ханамж юм.

Ингэж жаргалтай амьдардгийнх нь нууцыг сонирхсон хүмүүс тэднээс “Амьдралын утга учир гэж юу юм бэ?” гэж асуудаг гэнэ.

Үүнд Финландын философич, сэтгэл судлаач Фрэнк Мартела “Бусдын хувьд үнэ цэнтэй нэгэн байх нь хүний амьдралыг утга учиртай болгодог” хэмээн хариулжээ.

Бидний амьдралын чанар эргэн тойрны хүмүүсээс ихээхэн хамаардаг учир бусадтай аль болох гүн гүнзгий, утга учиртай харилцаа тогтоох нь аз жаргалын нууц юм. Финландчууд энэ зарчмаа амьдралдаа хэрхэн хэрэгжүүлдгийг Фрэнк дараах байдлаар тодорхойлжээ.

Тэдний аз жаргалын философиос суралцах зүйл олон бий гэдэгт эргэлзэхгүй байна.


#Сэтгэлийг чинь юу дүүргэж байна, түүнийгээ л хий

Финландчууд нэр төр, нийгмийн статусын араас хөөцөлдөх дургүй хүмүүс ажээ. Тиймээс өөрийн дургүй ажлыг хүчилж хийх шиг утгагүй зүйл байхгүй хэмээн үздэг байна. Ямар ажлаас хамгийн их аз жаргал мэдэрч байна, түүнийгээ л хий гэдэг философи үйлчилдэг.



#Ажил мэргэжилдээ эзэн бол

Бусдад үнэ цэн өгөхийн тулд эхлээд хийсэн ажилдаа эзэн болж, мэргэжилдээ экпстертийн түвшинд очих нь чухал. Ингэж чадвал эргээд сурснаа ашиглан бусдынхаа асуудлыг шийдэж чадна. Том зургаараа харвал энэ бол нийгэмд эерэг өөрчлөлт авчрах томоохон хөшүүрэг ажээ. 



#Сэтгэлийн угаас бусдад тусалж бай

Маш энгийн бөгөөд жижиг зүйл дээр ч төвөгшөөлгүй тус хүргээрэй. Будилж яваа хүнд зам зааж өгөх, гарцаар гарахдаа ганцаараа байгаа хүүхдийг хөтлөх, хүн ирж байгааг харсан бол лифтээ хүлээлгэх гээд энгийн хэр нь сэтгэл дулаацуулах тус олон бий.

Судалгаагаар ч бусдад тусалдаг хүн урт насалдгийг тогтоосон байдаг аж.  



#Хөршийн холбоог бэхжүүлээрэй

Финландад “Талкут” гэдэг нэр томьёо бий. Аливаа ажлын ард хамтын хүчээр гарахдаа ашигладаг үг юм. Эрт үед Финландчууд тариан талбайдаа оромж барих, байр сууцаа сэлгэж засах зэргээр олон хүний хөдөлмөр шаардсан ажлыг хөршүүдийнхээ дэмжлэгээр хийдэг байж. Энэ уламжлал одоо ч үргэлжилдэг бөгөөд Финландчууд олны хүчээр ихийг хийж амжуулна гэж итгэдэг ард түмэн юм. 



#Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүл

Аз жаргалтай байхын гол түлхүүр нь гэр бүл, найз нөхөд, үнэ цэнтэй хүмүүстэйгээ чанартай цаг өнгөрөөхөд оршдог.